Газрын тосны үнэ өчигдөр ойролцоогоор нэг хувиар өссөн байна. Учир нь АНУ-Ираны дайныг дипломат аргаар зогсоох, эсэх нь тодорхойгүй байгаа тул Ойрх Дорнодын нефтийн нийлүүлэлт эрсдэлтэй хэвээр гэх болгоомжлол зах зээлд давамгайлсан хэмээн шинжээчид үзжээ. Лондоны ICE биржид арилждаг брент төрлийн газрын тосны фьючерс үнэ 1.12 ам.доллар буюу 1.3 хувиар өсөж, нэг баррель нь 84.89 ам.долларт хүрэв. Харин АНУ-ын WTI төрлийн газрын тосны үнэ 77 центээр нэмэгдэж, баррель нь 81.11 ам.доллар болсон аж.
Үүнээс өмнө нефтийн үнэ унаад байсан нь Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулахыг түр хойшлуулж, хоёр улсын хоорондын дайныг зогсоох болон дэлхийн эрчим хүчний худалдаанд стратегийн чухал ач холбогдолтой Ормузын хоолойн хяналтын асуудлаарх хэлэлцээг үргэлжлүүлэхээр болсныг мэдэгдсэнтэй холбоотой юм. Гэвч өнгөрсөн даваа гарагт Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Эсмаил Багаеи эл мэдэгдлийг няцааснаар зах зээлийн тодорхойгүй байдал улам нэмэгдсэн хэмээн шинжээчид онцоллоо. Эдгээр нөхцөл байдлаас харахад газрын тосны үнэ цаашид өндөр хэлбэлзэлтэй хэвээр байх аж. Ташрамд, манай улсад АИ-92 автобензиний үнэ 250-300 төгрөгөөр нэмэгдээд буй.
Д.ХЭРЛЭН