
Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах зорилгоор Засгийн газар, Улаанбаатар хотын худалдааны танхим хамтран цахилгаан автомашин цэнэглэх дэд бүтцийг бий болгох“ Ногоон өртөө” төсөл хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд 2026-2027 онд Улаанбаатар хот болон орон нутагт цахилгаан машин цэнэглэх 500 станц байгуулахаар төлөвлөж, өнөө жил 80, COP17 хурлаас өмнө 40-ийг нь ашиглалтад оруулах зорилт тавьсан юм. Тэгвэл одоогоор 19 байршилд 60 станц байгуулаад байна. Тодруулбал, зорчих хөдөлгөөний эрчим өндөр, хүн амын хөл ихтэй орон нутгийн тав, нийслэл дэх 14 байршилд“Ногоон өртөө” байгуулжээ. Эдгээрийн эхнийхийг нь өнгөрсөн тавдугаар сард ашиглалтад оруулсан бол дийлэнхийг нь энэ сард, үлдсэнийг нь аравдугаар сар гэхэд бүрэн ажиллуулж эхлэх гэнэ.
Манай улсад цахилгаан автомашин цэнэглэх станц хүртээмжтэй байдаггүй нь иргэд энэ төрлийн тээврийн хэрэгсэл сонгохоос болгоомжлох, татгалзах гол шалтгаан болдог аж. Ийм дэд бүтэц бий болговол цахилгаан машины хэрэглээ нэмэгдэх, түлш, эрчим хүчний зарцуулалт багасах, агаар, орчны бохирдол буурах зэрэг олон талын ач холбогдолтой. Станцуудыг байршуулж дууссаны дараа шөнийн цагаар илүү хямдүнээр үйлчилдэг ухаалаг төлбөрийн систем нутагшуулахаар төлөвлөж буйг төсөл хэрэгжүүлэгчид дурдав.