
Ховд аймгийн Мянгад сумын удирдлагууд Халзан бүрэгтэй ууланд газрын ховор элементийн хайгуул, ашиглалтын туршилт, судалгаа хийж буй “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоох, байгууламжуудыг нь албадан буулгах шийдвэргаргажээ. Тодруулбал, тус сумын ИТХ-ын төлөөлөгчид таван багийн иргэдээс ирүүлсэн санал, гомдолд үндэслэн өнгөрсөн сарын дундуур хуралдаад дээрх компаниас хэрэгжүүлж буй төслийн бүтээн байгуулалт, дэд бүтцийн болон бичиг баримт бүрдүүлэхтэй холбоотой ажлуудыг зогсоох шийдвэр гаргасан аж.
Харин Мянгад сумын Засаг дарга энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангаж, “Монголиан нэшнл рийр ийрт корп”- ын кэмп болон бусад байгууламжийг албадан буулгах захирамжийгөнгөрсөн сарын сүүлчээр гаргасан байна. Тус захирамжид “Байгаль орчныг хамгаалах, Ашигт малтмалын болон Газрын тухай хуулийн холбогдох заалт, нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэрийг зөрчиж, Мянгад сумын гахайт багийн нутаг, Халзан бүрэгтэй хайрханд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явууулсаар байгаа “Монголиан нэшнл рийр ийрт корп”-ын кэмп, байгууламжийг албадан буулгасугай” гэжээ. Захирамжид компанийн үйл ажиллагааг хязгаарлах, зогсоох талаар тусгаагүй ч сумын ИТХ-ын тогтоолыг үндэслэн захирамж гаргаж буйгаа дурдсан байв.
Н.ДҮҮЛ