
Хуульчийн шалгалтын энэ жилийн товыг танилцууллаа. Тодруулбал, тус шалгалтыг ирэх аравдугаар сарын 28-30-ны хооронд Улаанбаатар хотод зохион байгуулах аж. Энэ талаар шалгалт эхлэхээс 75-аас доошгүй хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлахаар хуульчилсны дагуу Монголын хуульчдын холбооноос энэ пүрэв гарагт албан ёсны мэдээлэл өгөх гэнэ. Эрх зүйчид эл шалгалтад https://burtgel.mglbar. mn/ хаягаар дамжуулан есдүгээр сарын 27-ныг дуустал бүртгүүлэх боломжтой юм байна.
Хуульчийн мэргэжлийн шалгалт нь мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахыг хүссэн этгээдийн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, шүүн таслах ажиллагаанд оролцох, хууль зүйн туслалцаа үзүүлэх хангалттай мэдлэг, чадвар эзэмшсэн, эсэхийг тогтоох зорилготой бөгөөд үүнд эрх зүйч мэргэжлээр бакалаврын боловсрол эзэмшиж, хоёр жилийн хугацаанд мэргэжлийн дадлага хийсэн хүмүүс оролцох эрхтэй байдаг. Тус шалгалт нь эрх зүйн ерөнхий мэдлэгийг сорьсон сорилгын болон тодорхой тохиолдлыг хууль хэрэглэж шийдвэрлэх бодлогын хэсгээс бүрддэг. Ташрамд дурдахад, 2023 онд 1200 иргэн шалгалтад оролцсоноос 203 нь, 2024 онд 1146 хүнээс 205 нь, 2025 онд 1211 эрх зүйчээс 100 нь тэнцэж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан байна.
Д.ХЭРЛЭН