Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй УИХ гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулж буй.
126 гишүүнтэй, шинэ парламентад анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хоёр төлөөлөл орж ирсний нэг нь О.Саранчулуун. МАН-ын жагсаалтын дөрөвдүгээрт бичигдэж, УИХ-ын босгыг “ногоон гэрэл”-ээр давсан тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй 110 мянга гаруй иргэний нэг. Тэдний дундаас түүнийг яагаад МАН-ын жагсаалтын эхний тавд багтаав гэдэг нь сонирхолтой. Тэрбээр УИХ-ын гишүүн А.Ариунзаяагийн бэр бөгөөд УИХ дахь “ургийн мод”-ны нэг мөчир нь. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа нь Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд П.Жасрайн зээ охин гэдгийг уншигчид андахгүй биз. Тэгвэл гишүүн О.Саранчулууны нөхөр нь П.Жасрай агсны ач хүү юм. Бэр эгч нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн ахлах зөвлөх, Ажлын албаны дарга байсан тул ийн “өөрийн хүн”-ээ жагсаалтад шургуулсан гэх яриа олны дунд бий. О.Саранчулуун 2005 онд МУИСийг төгсөж, нийгмийн ажилтан мэргэжил эзэмшсэн бөгөөд 2008 онд Израилын Хэбрүгийн их сургуульд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр магистр, 2024 онд АШУҮИС-д нийгмийн эрүүл мэндийн докторын зэрэг хамгаалсан байна.
Мөн Италийн Трентогийн их сургуульд компьютерын ухааны докторын зэрэг хамгаалсан хэмээн УИХ-ын албан ёсны хуудсанд бичжээ. 2008-2024 онд АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуульд эрүүл мэндийн нийгмийн ажилтан, зан үйлийн тэнхимийн багш, 2015-2024 онд “Ахиллис Монгол” олон улсын байгууллага “Ажиа гэгээний нэрэмжит “Зөв тэтгэлэг сан” ТББ-ын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байжээ. Тэрбээр энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн “бүтээгдэхүүн” бөгөөд Израилд англи хэл сурч, гэр бүлийн хүчирхийллээс аврагдсан хэмээн хожим ярьсан байдаг. 2014 онд АНУ-д нэг жил мэргэжил дээшлүүлэхдээ анх удаа марафонд оролцож үзжээ. Нью-Йорк хотын марафонд Монголын нуман хөлтэй бүсгүй амжилттай оролцож, 42 км зам туулсан нь тухайн үедээ шуугиан дэгдээж байв. О.Саранчулуун 13 настайдаа мориноос унаж, хөлөө гэмтээсэн нь даамжраад ясны хорт хавдарт хүргэсэн гэдэг. Үүний улмаас өрөөсөн хөлөө тайруулжээ. Энэ тухайгаа ч нээлттэй ярьдаг бөгөөд хурдан морины уралдааны үеэр гэмтэж, хөгжлийн бэрхшээлтэй болсон хүн олон бий хэмээн хаврын морин уралдааныг зохион байгуулах эрхийг орон нутгийн удирдлагуудад шилжүүлсэн Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэн мэдээлэл хийж байв. Энэ мэтээр хүний эрхийн зөрчил, ялгаварлан гадуурхалтын эсрэг өөрийн дуу хоолойгоо хүргэдэг.
Гэвч байнгын хорооны нэгэн хурлын үеэр “Орон нутгаас ирсэн оюутнууд нүхэн жорлонд бие засдаг учраас ариун цэврийн өрөөг цэвэрхэн ашиглаж чаддаггүй” хэмээсэн нь олон нийтийн эгдүүцлийг хүргэсэн. “Өөрөө “хөдөөнийх” байж иргэдээ амьдарч буй газраар нь ялгаварлан гадуурхлаа, хүний эрхийн мэдрэмжгүй” хэмээн шүүмжлүүлсэн. Түүний өөр нэг “дүр” нь “Саарал ордны хамгийн ядуу гишүүн”. Тэрбээр 2024 оны хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ нийт 420 сая төгрөгийн хөрөнгөтэй хэмээжээ. Өөрийнх нь орлого 44, гэр бүлийнх нь 153 сая төгрөг бөгөөд 414 сая төгрөгийн үнэлгээтэй хоёр орон сууц, 5 000 000 төгрөгийн өртөг бүхий суудлын автомашинтай, газар, мал аж ахуй, үнэт эдлэл байхгүй гэжээ. Мөн өөрөө болон гэр бүлийн гишүүд нь хувь эзэмшдэг аж ахуйн нэгжгүй хэмээн мэдүүлсэн. Таван саяын үнэтэй машинтайгаа Төрийн ордонд очиход нь хамгаалагчид түүнийг таньдаггүй хэмээн “гомдоллож” байв. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан авто зогсоолыг ч түүнд үлдээдэггүй талаар үг унагаад амжсан. УИХ-ын гишүүн болж, эрх мэдэлд хүрсэн ч орчны хүртээмжгүй байдал түүнд өдөр бүр саад учруулж буй тул УИХ-ын гишүүн Ж.Баясгалангийн хамт “Гэрээсээ гарцгаая” аян санаачилж, хэрэгжүүлсэн юм билээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, орчны хүртээмжийг бий болгох зорилгоор санаачилсан аяны хүрээнд хотын зам, талбай тэргэнцэртэй иргэдэд ээлгүй болохыг эрх бүхий хүмүүс бага ч болов гадарласан биз.
Яриад өнгөрөх биш, ажил хэрэг болгохын тулд тэрбээр энэ чиглэлд дөрвөн хууль санаачилсан байна. Тодруулбал, Нийгмийн ажлын тухай, Саадгүй орчин, хүртээмжийн тухай, Хамтын санхүүжилтийн тухай, Ялгаварлан гадуурхалтын тухай хуулийн төсөл боловсруулж буй бөгөөд эдгээр нь бүгд анхдагч хууль юм. УИХ завсарласан өдрүүдэд ч тэрбээр аутизм, унаж татдаг болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн төлөөлөлтэй уулзаж, дуу хоолойг нь сонсон, цааш нь уламжлахаа амлажээ. Энэ жилийн Үндэсний их баяр наадмыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэйгээр зохион байгуулж, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн нэг хаалгаар тэргэнцэртэй иргэдийг оруулсан зэрэг түүний санаачилсан ажилд иргэд ам сайтай байв. Энэ мэтээр зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн бус, ахмад настан, бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд чиглэсэн тэдний эрх, ашгийг хамгаалах чиглэлээр үзэл бодлоо илэрхийлж буйг нь сайшаах хэсэг байхад нэр нөлөө бүхий баян хадмынхаа нөмөрт байдаг хэрнээ “ядуу” дүр эсгэгч хэмээх нь ч бий. Хүсэл байвч хүч нь хүрдэггүй гишүүний үнэн төрх удахгүй ил болох биз.
Ч.ЦЭЛМЭГ