
Үндэсний статистикийн хорооноос зарим гол нэрийн барааны өнгөрсөн долоо хоногийн үнийн өөрчлөлтийг танилцууллаа. Тодруулбал, эл төрлийн барааны үнэ өнгөрсөн долоодугаар сарынхаас нэг хувиар буурсан аж. Өмнөх долоо хоногийнхтой харьцуулбал хонины ястай махны үнэ “Баянзүрх”, “Хархорин” захад өсөж, “Бөмбөгөр”, “Барс”, “Миний сүлжээ”-д буурсан бол хонины цул махны ханш харьцангуй тогтвортой байна. Харин үхрийн ястай болон цул махыг “Хүчит шонхор”, “Баянзүрх” худалдааны төвд илүү үнэтэй худалдаалж буй юм. Төмс, лууван, байцай, хүрэн манжин, сонгино, алим, өндөгний үнэ өөрчлөгдөөгүй аж.
Өнөө АИ-92, евро түлшийг “Тэс”,“Сод Монгол” 3290 төгрөгөөр борлуулж буй нь хамгийн өндөр дүн гэнэ. Одоогийн байдлаар нэг кг хонины ястай махны дундаж үнэ 27 342, үхрийнх 32 520, цул нь 37 767,“Атар”2926,“Мишээл”талх 3926, ургамлын тос 12 191, ширхэг өндөг 616 төгрөг байна. Ташрамд, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн эхний хагас жилийн үзүүлэлтийг тус хорооноос өнгөрсөн сард танилцуулсан. Уг тайланд онцолсноор өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад барааны бүлгийнх 12.9, хүнсний бүлгийн үнэ 24.8 хувь тус тус өссөн юм.
Д.ХЭРЛЭН