Олон улсын валютын сан (ОУВС) гэрээний IV зүйлийн дагуу хийсэн зөвлөлдөх хэлэлцүүлгээ өндөрлөж, бодлогын зөвлөмж бүхий тайлангаа олон нийтэд танилцууллаа. Үүнд дурдсанчлан манай улсын ДНБ-ий өсөлт энэ онд 5.8 хувьд тогтвортой хадгалагдах төлөвтэй байна. Харин инфляц хүнс болон түлшний үнийн дарамтаас үүдэн тогтмол 10 хувьтай байх ч цаашид алгуур буурах аж. Монгол Улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарын идэвхжлийн ачаар өндөр өсөлт үзүүлж, төсвийн эмзэг байдлаа тодорхой хэмжээнд бууруулж чадсан. Гэсэн хэдий ч манай эдийн засаг түүхий эдийн үнийн шокт нэн эмзэг хэвээр буйг уг судалгаанд дурджээ. Түүнчлэн өнгөрсөн хоёрдугаар сард 6.5 хувь болж буураад байсан инфляц хэдхэн сарын дараа 12 хувьд хүрч, Монголбанкны зорилтот хязгаараас давсан нь мах, Ойрх Дорнодын мөргөлдөөний улмаас импортын шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотой аж.
Өнгөрсөн онд зэсийн экспорт 75 хувиар өсөж, нүүрсний экспортын орлогын тодорхой хэсгийг нөхсөнөөр урсгал зардлын алдагдал ДНБ-ий 8.4 хувь болж буурсан юм. Энэ оны эхний хагас жилд гадаад валютын албан нөөц 7.5 тэрбум ам.долларт хүрсэн ч ОУВС-гийн нөөцийн зохистой түвшнийг нөхөхөд хязгаарлагдмал хэвээр буйг тайланд онцолсон байна. Харин ирэх оны Ерөнхийлөгчийн болон 2028 оны УИХ-ын ээлжит сонгууль болохтой зэрэгцэн цалин, тэтгэврийг хэт нэмэгдүүлбэл төсвийн сахилга бат алдагдах эрсдэлтэй гэв. Тиймээс яаралтай төсвөө тодотгох, хувь хүний, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль дахь татварын хөнгөлөлтийн талаарх зохицуулалтыг эргэн харах, “Ирээдүйн өв” сан, Төсвийн тогтворжуулалтын сангийн засаглалыг бэхжүүлэх, Монголбанк шаардлагатай бол бодлогын хүүг чангаруулахад бэлэн байх, арилжааны банкнуудтай байгуулсан своп хэлцлийн хэмжээг алгуур бууруулахыг ОУВС бидэнд зөвлөжээ.
Д.ХЭРЛЭН