Жил бүрийн аравдугаар сарын 10-ныг Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Эл өдрийг тохиолдуулан ЭМЯ, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, нийслэлийн Аддиктологийн төв, Монголын сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний нийгэмлэг, Монголын нейросайнсын нийгэмлэг, АШУҮИС, МУБИС хамтран “Гамшиг, онцгой нөхцөл байдлын үеийн сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулъя” уриан дор салбар дундын уулзалт, эрдэм шинжилгээний хурлыг ирэх сарын 17, 18-нд зохион байгуулах нь.
Энэ үеэр хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэнд, тархи, сэтгэл, сэтгэц ба донтох эмгэг судлал гэсэн чиглэлээр илтгэл хэлэлцүүлэх бөгөөд эмнэл зүйн тохиолдол, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн бүхий товч хураангуйг энэ сарын 11-ний дотор эмч, багш, эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүдээс авахаар болжээ.
Ташрамд, манай улсад сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа гэх статистик бий. Үүн дотор сэтгэл гутрал, түгшүүр, стрессийн эмгэгүүд хамгийн түгээмэл тохиолддог. Тухайлбал, энэ төрлийн эмгэгийн 18.5 хувийг сэтгэл түгшилт, 17.1 хувийг нойргүйдэл, 16.2 хувийг архаг ядаргаа, 17.7 хувийг биеийн хэлбэрийн, 6.2 хувийг архинд донтох, зургаан хувийг сэтгэл гутрах эмгэг эзэлж байна.
Ч.БОЛОР