Шатахууны хомсдолд нэрвэгдэж, ШТСуудад хонох нь холгүй болсон нийслэлчүүдийн хувьд бензин шаардахгүйгээр түгжрэлийг сөрөх боломж нь цахилгаан дугуй, скүүтер, суррон, мопед байлаа. Гэтэл Тээврийн цагдаагийн албанаас эдгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хориглосон нь олон нийтийг ихэд бухимдуулав. Өөрөөр хэлбэл, иргэд бензин ч үгүй, скүүтер ч үгүй явган хоцорлоо. Уг нь УИХ-ын 2026 оны хаврын чуулганаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, цахилгаан дугуй болон скүүтерийг “мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл” хэмээн анх удаа томьёолсон юм. Шинэ зохицуулалтаар 18 нас хүрсэн иргэн тусгай сургалтад хамрагдсаны үндсэнд замын хөдөлгөөнд оролцохоор тусгасан бөгөөд насанд хүрээгүй хүүхэд жолоодсон тохиолдолд эцэг, эхийг нь 200 нэгжээр торгохоор заажээ.
Гэвч дээрх зохицуулалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай дагалдах журам, сургалтын мэдээллийн сан бэлэн болоогүй гэх шалтгаанаар нийслэлд эдгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүхэлд нь хориглосон байна. Шатахуун хомсдож, нийтийн тээвэр ачааллаа дийлэхгүй байгаа энэ үед иргэдийн зорчих өөр нэг боломжийг хаасан нь цаг үеэ олоогүй шийдвэр төдийгүй төрийн байгууллагуудын уялдаа холбоо хэр сул байгааг харуулсан хэрэг болов. Хамгийн хоржоонтой нь, олон нийтийн бухимдал дээд цэгтээ хүрч, цахим орчинд эсэргүүцэл өрнөөд эхлэхтэй зэрэгцэн нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр өчигдөр “Түрээсний скүүтер, мопедыг яаралтай хөдөлгөөнд оролцуулах албан бичгийг Тээврийн цагдаагийналбанд хүргүүлсэн” хэмээн мэдэгдлээ.