Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч, нэрт соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулан “Чингис хааны удмын бичгийн их хүмүүн Д.Нацагдорж” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг “Чингис хаан” үндэсний музейд өчигдөр зохион байгууллаа. Тус хурлаар зохиолчийн туурвилзүйн онцлог, Д.Нацагдорж судлалын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг хэлэлцэж, судалгааг шинэ шатанд гаргах зорилт дэвшүүлснээрээ онцлогтой.
Хуралд АНУ, БНФУ, ХБНГУ, БНХАУ, ОХУ, Британи, Япон зэрэг найман орны 20 гаруй эрдэмтэн, судлаач оролцож, орчин үеийн утга зохиол, хэл шинжлэл болон салбар дундын судалгааны шинэ чиглэлүүдийн хүрээнд их зохиолчийн амьдрал, уран бүтээлийг олон талаас нь шинжлэн хэлэлцэв. Мөн судлаачид “Үзэгдээгүй юм” өгүүллэгийн цаг хугацаа, орон зайн асуудал, нүүдэлчдийн ёс зүй болон яруу найргийн уялдаа холбоо зэрэг өргөн хүрээний сэдвээр илтгэл тавьж, санал солилцлоо.
Түүнчлэн Д.Нацагдоржийн театр, драмын болон яруу найргийн бүтээлүүдийг дижитал хүмүүнлэгийн ухааны аргаар шинжлэх, цахим хөмрөг бүрдүүлэх, орос, англи, хятад зэрэг гадаад хэлээрх орчуулгын онцлог, хэл шинжлэлийн асуудлыг олон улсын монголч эрдэмтэд хэлэлцсэн аж. Үүнээс гадна их зохиолчийн гар бичмэлүүдийг нэгтгэн хэвлэх, зохиолын үгийн сангийн судалгааны бүтээл болон хэлний толь бичиг боловсруулах, “Нацагдорж судлалын цахим архив” бий болгох зэрэг асуудлыг голчлон хөндсөнөөрөө уг арга хэмжээ ач холбогдолтой юм.
Ташрамд дурдахад, “Чингис хааны удмын бичгийн их хүмүүн Д.Нацагдорж” үзэсгэлэнг олон нийтэд зориулан энэ сарын 13-ныг дуустал үнэ төлбөргүй толилуулж байна.