Үндсэн хуулийн цэцийн анхны гишүүдийн нэг, Гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор Жавхлангийн Бямбаатай эрүүгийн процессын эрх зүй дэх нотолгоо, мөрдөн шалгах ажиллагаанд тулгамдаж буй зарим асуудлын талаар ярилцлаа. Тэрбээр Эрхүүгийн их сургууль, Москвагийн Нийгмийн шинжлэх ухааны академид эрдмийн зэрэг хамгаалсан. Төгсөж ирээд Ховд аймгийн Хууль зүйн зөвлөгөө өгөх газарт өмгөөлөгч, тухайн үеийн МАХН-ын Төв хороонд хууль, хяналтын байгууллага хариуцсан зааварлагч, ШУА-ийн Төр, эрх зүйн хүрээлэнд Эрдэм шинжилгээний ахлах ажилтан, эрдэмтэн нарийн бичгийн дарга, Улсын ерөнхий прокурорын нэгдүгээр орлогчоор ажилласан юм. Түүнчлэн 1993 оноос өнөөг хүртэл МУИС-ийн Хууль зүйн сургуульд багшилж буй. Хууль зүйн доктор, профессор Ж.Эрхэсхулантай хамтран туурвисан “Эрүүгийн процессын эрх зүйн үндсэн асуудал” бүтээл нь өнгөрсөн нэгдүгээр сард “Б.Чимидийн нэрэмжит шагнал” хүртсэнийг уншигчид санаж буй биз. Ж.Бямбаа нь Монголын эрүүгийн эрх зүйн салбарын нэртэй эрдэмтдийн нэг юм.
-Сүүлийн үед гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах, түүнээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хэрэгт ач холбогдол бүхий баримт цуглуулах, бэхжүүлэх арга зүйг шинжлэн судалдаг криминалистикийн шинжлэх ухааны олон хандлага дэлгэрсэн байна. Тухайлбал, мөрдөн шалгах ажиллагаанд профайлинг, полиграф ашиглах ч юм уу.
-Криминологийн “эцэг” гэгддэг Италийн эрдэмтэн Чезаре Ломброзо гэмт хэрэг өдүүлсэн, эсвэл өдүүлж болзошгүй хүмүүсийг үргэлж ажигладаг хүн байж. Гялалзсан нүдтэй, урт эрүүтэй, хөдөлгөөний этгээд эвсэлтэй зэрэг бие махбод болоод нийгэмд биеэ авч явах шинжээр нь гэмт хэрэгтэн бие хүнийг тодорхойлох гэж оролдсон. Гэвч энэ нь шинжлэх ухаанаар батлагдаагүй, хүлээн зөвшөөрөгдөөгүй. Хүн бол байгаль, нийгмийн бүтээгдэхүүн. Гэмт хэрэгтэн болж төрнө гэж байхгүй. Эцсийн дүндээ энэ нь нийгмийн шинжээр л тодорхойлогдоно. Сүүлийн үед полиграф гэж зүйл гарч ирлээ. Эрдэмтэн Ж.Болдбаатар “Гэмт хэрэг илрүүлэхэд полиграф ашиглах онол, арга зүйн асуудал” судалгаагаараа шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. Үүнийг зарим тохиолдолд нотолгоонд ашиглаж болно. Гэвч энэ нь нотлох баримтын хуульчлагдсан эх сурвалж биш.
-Манайд гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг шинжлэх ухааны орчин үеийн хандлагаар судлах нь хэр хөгжиж буй юм бол?
-Эл сэдвээр дагнан судалгаа хийдэг эрдэмтэн нэлээд бий ч шинжлэх ухааны орчин үеийн шаардлагад хэр зэрэг нийцэж буйг тодорхой мэдэхгүй байна. Америк, Япон болон Европын зарим орны эрдэмтэд гэмт хэргийг генетикийн үүднээс судлахад огт илүүдэхгүй гэж зөвлөдөг юм билээ. Нотлох ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль (ЭХХШтХ)-д заасан журмын дагуу явагдана. Нотлох баримтын онол зөвхөн эрүүгийн эрх зүйгээр хязгаарлагдахгүй, процессын эрх зүйн бүхий л салбарт хамаатай. Өөрөөр хэлбэл, процесс ажиллагаанууд өөр өөрсдийн нотолгооны онол, арга барилтай гэсэн үг. Харин эрүүгийн хувьд нотлох баримтын болохуйц байдал эрүүгийн хэргийг шалгаж буй эрх бүхий этгээд процесс ажиллагааны үр дүнд уг баримт сэлтийг олж авсан, ЭХХШтХ-д заасан эх сурвалжийн төрөлд хамаарах, процессын журмыг чанд сахисан байх гэсэн үндсэн гурван шаардлагатай. Жишээ нь, Нидерландад үнэрч нохойн сэжгийг нотлох баримтын эх сурвалжид тооцдог бол манайд үгүй. Таны хэлсэн аргуудыг мөрдөн шалгах ажиллагаанд ашиглаж болох юм. Гэхдээ гол тулгуур болговол про-цессынжурам зөрчсөн үйлдэл болно.
-Эл сэдвийг хэт дэлгэрэнгүй яривал гэмт хэрэгтнүүдэд сэдэл өгсөн хэрэг болох байх. Тэгэхээр нотолгооны онол нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар ач холбогдолтой вэ?
-Өнөөгийн ЭХХШтХ-ийн 16 дугаар бүлэгт “Нотлох баримт”-ын талаар тусгасан. “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэсэн нь бий. Зарим орон Эрүүгийн нотолгооны бие даасан зохицуулалттай. Тухайлбал, Британи Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульгүй хэр нь 1984 онд баталсан нотолгооны хуультай. Тэгэхээр нотолгоо нь аль ч эрх зүйн бүлд амин чухалд зүй ёсоор тооцогдсоор байгаа юм. Соён гэгээрүүлэгч Ч.Даваадаш агсан В.Ф.Гегелийн “Логикийн шинжлэх ухаан”-ыг орчуулсан. Түүнд ухаалаг төрийн тухай бүхэл бүтэн сургаал бий. Төр бол өмөөрөгч, хамгаалагч, нийгэм, хүнд үйлчлэгч. Тиймээс аливаа хэрэг, маргааныг төр л шийдвэрлэхээс аргагүй. Гэм буруутныг шударгаар тогтоож, алагчлалгүй хандах бүхий бололцоо чухам төрд л хадгалагдах учиртай. Тиймээс гэмт хэргийг мөрдөн мөшгөх, хар, цагааныг ялгах үүрэг түүнд ногдсон. Бодит үнэнийг тогтооно гэдэг бол зарчмын агуулгатай заалт. Энэ нь Ром-Германы эрх зүйн бүлийн процесс ажиллагааны “алтан” дүрэм. Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Ингэхийн тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох ёстой. Бодит үнэнийг тогтооно гэдэг нь шүүхэд огт хамаагүй гэж үзэх нь манайд онолын төдийгүй практикт сүрхий ажиглагдах болов. Гэхдээ оролцогчид процессын онолын арга хэлбэрүүдийг зөрчиж, хэт монголчилж байгаа шиг санагддаг.
-Тийм гэж үү?
-Шүүх аль болох төвийг сахисан байр суурьтай байвал сайн. Хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох ёстой. Гэхдээ өмгөөлөгч, өмгөөлөх тал нотлох баримт цуглуулах эрх зүйн баталгаа алга. Цуглуулдаг болох нь зүйтэй гэж л их бичиж байна. Мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох бүхий л ажиллагааг хийдэг. Цаашид өмгөөлөх тал нотлох баримт олж авах төдийгүй цуглуулдаг хууль эрх зүйн боломжийг ухаалгаар бүрдүүлэхийг үгүйсгэх аргагүй. Гэтэл манайд Хувийн мөрдөгчийн тухай хууль гэж алга. Британи шиг Иргэний яллагааны тогтолцоо гэж байхгүй. Ром-Германы эрх зүйн тогтолцоотой улсад өөрсдөө мөрдлөг явуулж, яллагааны баримт цуглуулдаг шиг ийм систем одоохондоо байхгүй. Тухайлбал, “Нүүрсний” гэх хэргийн талаар олон өдөр хэлэлцүүлэг, сонсгол хийсэн. Уучлаарай, би үүнийг их буруу хандлага, жишиг гэж боддог юм шүү. Сонсголоор бодит үнэнийг тогтоох боломжгүй, олон нийтэд зориулсан улс төрийнхний “жүжиг” болоод удлаа. Хэргийн байдлыг гарцаагүй тогтооход чиглэсэн ажиллагаа л биш бол зөвхөн талуудын мэдээллийг сонсож, хоорондоо “хэрүүлийн алим” тарихыг “нийгмийг димедролдох” гэвэл зохистой. Өөрөөр хэлбэл, иргэдийг тайвшруулж, молигодож буй хэрэг. “Улс төр хууль ёсноос дээгүүр” гэж нэг нэртэй эрдэмтэн бичсэн байна лээ. Огт тийм биш. Улс төр өөрийн таагүй, муу муухайг хуулиар халхлах гэж оролддог. Гэхдээ хуулийн зорилго бол хар, цагааныг ялгах. Улс төрд шүүх шиг эцэслэн шийдвэрлэдэг шударга ёсны механизм үгүй.
-Нийтийн сонсголын ач холбогдол нь аливаа асуудлыг иргэдийн анхааралд оруулж чаддаг гэх нь бий.
-Тийм. Улс төрийн үүднээс харвал олон нийт соргог болог гэсэн санаа, зорилго бий л байх. Гэхдээ үүний үр дүнд аль нэг талын гэм бурууг тогтоож чадаагүй бол ийм сонсгол зөвхөн шуугиан тарихын нэмэр. Түүнчлэн эрх мэдэлтнүүд мөрдөн шалгах үүрэг бүхий байгууллагад даалгавар, чиглэл өгдөг байж таарахгүй. Хэрэв мөрдөн шалгах ажиллагаанд бусад хүн хөндлөнгөөс оролцвол хатуухан сануулга өгдөг хуульчлагдсан журам байх хэрэгтэй. Ийм л улс төрийн ажиллагаа нийгмээ ялзруулдаг юм.
-Гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулах болон хүний эрхийг хамгаалах асуудлын тэнцвэрийг хэрхэн хангах ёстой юм бол. Энэ талаар олон шүүмжлэл байдаг шүү дээ.
-Гэмт хэрэгтнийг илрүүлэх, илчлэх нь үнэндээ их энэрэнгүй, тун шударга ажиллагаа юм шүү. Мөрдөгчид хэргээ илрүүлэхийн тулд багагүй зовж, шаналдаг нь ойлгомжтой. Тэдний илрүүлсэн хэрэг бүрд нь урамшуулах хэрэгтэй санагддаг. Сүүлийн үед хүний эрхийг хамгаалах нэрийдлээр хууль сахиулах байгууллагын ажиллагаанд хэт хязгаарлалт тогтоох хандлага ажиглагдах боллоо. Тухайлбал, сэжигтнийг баривчлах, саатуулах, эсвэл тодорхой нөхцөлд хүч хэрэглэхийг хүртэл хориглох тухай ярьж байна. Асуудал бүрд хөндлөнгийн байр суурьтай шүүхийн шийдвэрийг харгалзана гэх нь бодит амьдралд боломжгүй. Харин цагдаа, прокурор зэрэг төрийн эрх бүхий байгууллагууддаа итгэж, ажиллах нөхцөлөөр нь хангах хэрэгтэй. Жишээ нь, Британид цагдаагийн байгууллагаас иргэнийг тодорхой үндэслэлээр, хэнд ч мэдэгдэхгүйгээр 46 цаг хүртэл хугацаагаар саатуулах зохицуулалт бий. Манайд бол үүнийг шууд л хүний эрх зөрчсөн гэж эсэргүүцэх хандлагатай. Хэргийг уншиж биш, мөрдөж ойлгодог юм. Амьдралаас тасархай, уран зохиолын шинжтэй хийсвэр төсөөллөөр хууль сахиулах ажиллагаанд хандах юм бол нийгэмдээ л хохиролтой. Дахин хэлэхэд, мөрдлөг явуулж байхад “дээрээс” дарамтлах, хална гэж айлгах тохиолдол их байдаг нь нууц биш. Тэгэхээр бидэнд мөрдөн шалгах бие даасан байгууллага хэрэгтэй байж болох юм.
-Мөрдөн шалгах чиг үүрэг бүхий байгууллагуудаа нэгтгэх хэрэгтэй гэсэн үг үү?
-Гэмт хэрэг мөрддөг нэг байгууллагатай байвал зүгээр. Бусад засаглалаас ангид, бие даасан мөрдөн байцаах хороо бидэнд ер нь хэрэгтэй болсон юм биш үү. Мэдээж бүтэц зохион байгуулалт, удирдлагуудыг томилох журмыг нарийн тодорхой болгох цаг болсон. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн улс төрийн нөлөөнөөс ангижруулж, хөндлөнгийн нөлөөнөөс хамгаалах хэрэгтэй. Тэгэхээр Үндсэн хуулийн цэцийн тухай, Шүүхийн тухай гэдэг шиг тусгай хууль эрх зүйн баталгаатай болгох нь зүйтэй санагддаг.
Д.ХҮСЛЭН