Аагим халуун зуны үдэш орондоо орсон ч унтаж чадахгүй хөрвөөж, бухимдах үе цөөнгүй. Ийм үед бид биеийн дулаанаа хурдан буулгахын тулд хүйтэн усанд орохыг урьтал болгодог. Гэвч унтахын өмнө хэт хүйтэн шүршүүрт орох нь биеийг тайвшруулах биш, харин ч сэргээж, нойр хулжихад хүргэдэг байна. Портсмутын их сургуулийн хүний болон хэрэглээний физиологийн профессор Майкл Типтон унтахын өмнө хүйтэн шүршүүрт орох нь хамгийн буруу сонголт болохыг анхааруулжээ. Учир нь хүний бие гэнэт хэт хүйтэн орчинд ороход дулаанаа хадгалахын тулд хариу урвал үзүүлдэг байна. Тухайлбал, хүйтэн ус арьсанд хүрэхэд судас агшиж, биеийн гадаргуугаас дулаан алдагдах явц багасахын зэрэгцээ зүрхний цохилт, амьсгал түргэсдэг. Өөрөөр хэлбэл, бие махбод тайвшрахын оронд гэнэтийн хүйтэнд дасан зохицохын тулд “сэрэмжлүүлэх горим”-д шилждэг аж. Тиймээс халууцсан үед биеийг огцом хөргөхөөс илүүтэй аажмаар сэрүүцүүлэх нь тохиромжтой. Бүлээн шүршүүрт орох нь биеийн хэмийг алгуур бууруулахад тусалдаг гэнэ. Мөн усанд орсны дараа арьсан дээр үлдсэн ус уурших явцад биеэс дулаан ялгарч, сэрүүцсэн мэдрэмж төрүүлдэг байна.
Э.СОНДОР