Иргэн Б.Хүрэлбаатар ШТС-уудын нөөц , оочер дараалал зэрэг мэдээллийг олон нийтэд шуурхай хүргэх зорилготой “Benzin.mn” аппликэйшн зохион бүтээж, хэрэглээнд нэвтрүүлээд буй билээ. Энэ нь ч иргэдийн цаг завыг хэмнэхэд багагүй хувь нэмэр оруулж буй гэх. Тэгвэл Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням түүнтэй уулзаж, уг аппликэйшнийг улам хөгжүүлж, шатахууны асуудлаарх бүхий л мэдээллийг хүргэдэг платформ болгохоор тохирсон талаараа уржигдар мэдээлж, Шатахууны шуурхай штабын өчигдрийн хурлаар эхний танилцуулгыг сонссон гэнэ. Сайд Г.Дамдиннямын энэхүү мэдэгдлийн дараа олон нийт ихэд бухимдаж, нэг хэсэг нь “Шатахууны нийлүүлтээ л хэвийн болго, тэгсэн цагт наад аппликэйшнийг чинь ашиглах хэрэгцээ бидэнд гарахгүй. Төсвийн мөнгө уйлдаггүй гэгчээр сайдын энэ ярианаас харвал бензиний хомсдол хэсэгтээ арилахгүй шинжтэй ” гэсэн бол нөгөө хэсэг нь “Иргэн нь аппликэйшнээ хөгжүүлэг, харин сайд, дарга нар та бүхэн ажлаа хийж, бензиний татан авалтаа сайжруулж, газрын тосны үйлдвэрээ түргэн барихдаа л анхаар.
Иргэд ШТС-аас хэрэгтэй үедээ бензинээ ямар ч дараалалгүй авахыг л хүсэж байна. Элдэв янзын аппликэйшн хармааргүй байна” хэмээн нийгмийн сүлжээнд шүүмжилжээ. Харин салбарын сайд шатахууны хомсдолыг бууруулах, хүртээмжийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ (тэгш, сондгой) нь үр дүнд хүрч, ШТС-уудад үүссэн дараалал хоёр дахин багассан гэж иргэдийг нэмж даапаалав. Шатахууны оочер огтхон ч буураагүй, иргэд одоо ч бензинд хонон өнжин дугаарласаар байхад шүү дээ. Улмаар гаалийн нээлттэй бодлого хэрэгжүүлж, иргэдийг 50, 100, 200 литр гэхчлэн боломжит хэмжээгээрээ шатахуун импортолж болно хэмээн “эцсийн хөзрөө” дэлгэх нь тэр. Үүнээс нь үзвэл улс шатахууны нийлүүлэлтийг хэвийн хэмжээнд хүргэж, 30 хоногийн нөөцөө бүрдүүлэх ч лөөлөө болсон нь харагдана УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу ч энэ талаар “Манай улс нефтийн бүтээгдэхүүнийхээ 95 хувийг ОХУ-аас хангадаг. Жилийн хэрэглээ 2.8 сая тонн. Тэгвэл тус улс өөрсдийн хэрэгцээнээс гадна зөвхөн экспортод зориулж жилд 120-135 сая тонн нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Манай жилийн хэрэглээ ОХУ-ын экспортын ердөө хоёр хувь л гэсэн үг. Украины довтолгооноос үүдэн тус улсын үйлдвэрлэл 20 хувиар буурсан ч Засгийн газрын хэлэлцээртэй орнуудаа бензиний хоригт оруулаагүй. Ийм байхад манайд нүүрлэсэн хомсдол зохиомол гэдэг нь тодорхой байна. Үүнийг эрх баригчид өнгөрсөн өвлөөс хойш бий болгосон. Улс төрийн хожлын төлөө эх орон, иргэдээ ингэж л хорлож байна” гэсэн юм.