Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин 2016.01.27-ны өдөр өргөн мэдүүлсэн/ анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх явцад гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргаагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Ингээд байнгын хорооны саналаар хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналаар санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 90.9 хувийн саналаар дэмжив. Ингэснээр Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 88.9 хувийн саналаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг 86.7хувийн саналаар, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 91.1 хувийн саналаар тус тус баталлаа.
УИХ-ын 2015 оны намрын ээлжит чуулганыг хааж УИХ-ын дарга үг хэллээ
Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганыг хааж Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ, “ Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацааны отгон намрын чуулган өндөрлөж байна. Энэ чуулган ажлын 90 өдөр үргэлжилж, нэгдсэн хуралдаан 38 удаа, Байнгын болон дэд хороод давхардсан тоогоор 131 удаа хуралдаж, нийт 412 хууль, 65 тогтоол хэлэлцэн баталлаа. Эдгээрийн дотор бие даасан хууль 26, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 347, хууль хүчингүй болгох тухай хууль 28, олон улсын гэрээ, конвенц соёрхон батлах, нэгдэн орох тухай хууль 11 байна.