Ганц бие залуус хурим болон бусад арга хэмжээнд хос шиг болж очдог шинэ төрлийн болзооны чиг хандлага дэлгэрчээ. “Eventation ship” хэмээх эл харилцаа нь албан ёсны, романтик бус, харилцан тохиролцсон шинжтэй байдаг гэнэ. Болзооны “Taimi” аппликэйшний харилцааны зөвлөх Анжелика Кох энэ талаар “Аливаа баяр ёслолд түр хамтрагчтайгаа очвол хүмүүс таныг хүнтэй үерхдэг юм байна гэж ойлгон элдэв асуулт асууж, эсвэл бусадтай танилцуулах гэж оролдох нь багасна. Яагаад ганц бие байгаагаа бусдад тайлбарлах ч шаардлагагүй болно шүү дээ” хэмээжээ.
Түүнчлэн уг болзооны сул тал нь нэг нь нөгөөдөө дурлах, сэтгэлээ шархлуулах эрсдэлтэй тул хил хязгаараа урьдчилан тогтоохыг зөвлөсөн байна. Орчин үеийнхэн романтик харилцаа, болзооны олон сонголт дунд амьдарч буй ч нөгөөтээгүүр энэ нь урт хугацааны харилцаа үүсгэж, гэр бүлийн амьдрал зохиоход хэрхэн нөлөөлөх вэ, эрсдэлтэй юү гэсэн асуултыг дагуулж буй.
Д.СЭЛЭНГЭ