
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнгөрсөн хоёрдугаар сарын 23-нд Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгосон билээ. Үүний хүрээнд нуурыг тахих төрийн их ёслолыг анх удаа зохион байгууллаа. Тодруулбал, Хөвсгөл нуурыг тахих ёслолын үндсэн үйл ажиллагааг өчигдөр 11.00 цагт Чөчү хайрхны оройд эхлүүлсэн бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон төрийн албан тушаалтнууд оролцсон юм. Мөн ёслолын үйл ажиллагааг тус нуурын зүүн эрэг дэх Чулуутын аманд байрлуулсан лед дэлгэцээр иргэд, олон нийтэд шууд дамжуулан хүргэжээ. Үүний өмнө буюу энэ сарын 1-нд 22.00 цагт Хөвсгөл нуурын зүүн эрэг, Чулуутын аманд долоон бурхан одыг тахисан байна. Энэхүү тахилгын үеэр монголчуудын тэнгэр, байгаль дэлхийгээ дээдлэн шүтэх өв соёл, уламжлалт зан үйлийг түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ Хөвсгөл нуурын ариун дагшин байдал, байгаль орчныг хамгаалах үзэл санааг олон нийтэд сурталчилсан аж.
Түүнчлэн төрийн их ёслолыг угтаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Хөвсгөл аймгийн ЗДТГ хамтран “Хөвсгөл нуураа хайрлая, хамгаалъя” эрдэм шинжилгээний хурлыг Хатгалд зохион байгуулсан юм. Энэ үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Э.Золбоо цаашид нуур тойрсон сумуудын хөгжлийн ерөнхий болон урт хугацааны төлөвлөгөө боловсруулан батлуулах, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүс нутгийн дэд бүтцийн хөгжлийг эрчимжүүлэх, нуурын хамгаалалттай холбогдуулан эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход Ерөнхийлөгчийн зүгээс бүхий л талаар дэмжлэг үзүүлж, санаачилга гарган ажиллана гэдгийг тодотгов. Ташрамд, Хөвсгөл нуур-Эгийн голын усны сан бүхий газрын хамгаалалтын бүс дагуу их цэвэрлэгээний аяныг өнгөрсөн зургаадугаар сарын 22-ноос энэ сарын 13-ныг хүртэл зохион байгуулж буй бөгөөд одоогоор нийт 301 тонн хог хаягдал төвлөрүүлж устгажээ.
Ч.БОЛОР