Хөгжлийн бэрхшээлтэй, тэр дундаа оюун, сэтгэцийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахад зориулж Монголын хуульчдын холбооны дэргэд Хууль зүйн про боно төв байгуулж, өчигдөр нээлээ. Энэ төв нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгаалал, халамжийн үйлчилгээг үзүүлэхэд ялгаатай байдал үүс-гэж буй хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангах, өөрчлөх, уялдаа холбоог сайжруулах, мөн хүүхдийн эрх зүйн боловсрлыг дээшлүүлэх чиглэлээр голчон ажиллах гэнэ. Төвийн нээлтийн үеэр Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч М.Мөнхбат “Про боно төв нь иргэдэд хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй, сайн дурын үндсэн дээр үзүүлэх мэргэжлийн байгууллага юм.
Эл төв нь хуульчдын сайн дурын нийтэд тустай, мэргэжлийнүйл ажиллагаанд тулгуурлан про боно үйлчилгээг нэгдсэн байдлаар зохион байгуулж, цаашид бодлого тодорхойлох чиглэлээр ажиллана” гэв. Мөн ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан, Хөгжлийн бэрхшээлтэйхүний хөгжлийн ерөнхий газрын дарга Д.Гэрэл болон БНСУ-ын “Жипионг” хуулийн фирмийн үүсгэн байгуулагч Им Сун Тек болон бусад төлөөлөл оролцжээ. Тэрбээр “Солонгосын про боно төвийн тухай”, өмгөөлөгч Ём Хёнгуг “Солонгос дахь про боногийн өнөөгийн байдал ба өмгөөлөгчдийн холбооны үүрэг” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн байна. Энэ үеэр “Жипионг” хуулийн фирм манай улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулав.