Сансрын тээврийн технологийн “SpaceX” компанийн жил гаруйн өмнө хөөргөсөн нэгэн пуужин замаа алдан өдгөө саран дээр унах гэж буй аж. Пуужингийн дээд их бие энэ лхагва гарагт сарны гадаргыг мөргөвөл шинэ тогоо үүсгэж, их хэмжээний тоос босгон гурван тонн тэсрэх бодистой дүйцэх хэмжээний энерги ялгаруулах төлөвтэй. Ингэснээр сарыг санамсаргүй мөргөсөн хоёр дахь тохиолдол болох юм. Эл үйл явдлыг эрдэмтэд төдийгүй одон орон сонирхогчид ч анхааралтай ажиглаж буй. Сансрын биетүүдийн хөдөлгөөний шинжээч Билл Грэйгийн тооцоолсноор пуужин цагт 8.7 км буюу дууныхаас долоо дахин их хурдтайгаар сарны баруун зах дахь Эйнштейний тогоо орчимд газардах аж. Уг мөргөлдөөн үүрээр болох тул АНУ, Канадын зүүн бүсэд илүү сайн харагдахаар байна.
Эрдэмтдийн хувьд уг пуужин онцын аюул учруулахгүй ч дэлхийн тойрог зам, сарны орон зай хиймэл биетээр улам дүүрч буйн тод жишээ гэж үзжээ. АНУ-ын Лос-Аламосын үндэсний лабораторийн судлаач Бенжамин Фернандогийн тооцоолсноор уг мөргөлдөөний улмаас ойролцоогоор 27 метр өргөн, таванметрийн гүн тогоо үүсэх аж. Ташрамд, ойрын хэдэн жил АНУ болон БНХАУ саран дээр дахин хүн газардуулах өрсөлдөөнд хошуурч буй. Элон Маскийн “SpaceX” болон Жефф Безосын “Blue origin” NASA-гийн “Artemis IV” хөтөлбөрийн сансрын нисэгчдийг сарны гадаргад хүргэх буулгагч аппаратыг нийлүүлэх эрхийн төлөө өрсөлдөж байгаа юм.