“Кино сонин” буланд энэ удаа олноо хоногшсон, гол төлөв хайрын сэдэвт, жинхэнэ романтик, сэтгэл зүйн триллер бүтээлүүдийг онцоллоо. Зарим дүрслэлийг үгээр илэрхийлэхээс илүүтэй үзэж, харж байж л мэдэрч, ойлгох боломжтой байдаг шиг сэтгэл догдлуулсан, ахин дахин үзээд л баймаар кинонуудыг санал болгож байна. Пак Чан Вукийн гурав, Вон Кар Вайгийн хоёр ч бүтээл энд бий. Хүн төрөлхтний оюуны өвийн охь, дээж, Хомерийн “Одиссэй”-г дипломгүй эрдэмтэн гэгддэг Кристофер Нолан найруулж, дэлгэцийн уран бүтээл болгосноор үзэгчид “амьсгалж” буй энэ үед удаан исгэсэн дарс мэт, олон улсын кино хүрээлэн, судлаач, шүүмжлэгч, найруулагчдын санал асуулгаар торойсон, амьдралдаа заавал нэг удаа үзэх уран бүтээлүүдийг “Өнөөдөр” сонин уншигч таны амралтад зориулан ирэх наймдугаар сарыг дуустал цувралаар нийтэлнэ. Хоёрдугаар цувралд ямар гайхлууд багтсаныг сонирхоно уу.
“БОРООНД ДУУЛАХУЙ” (SINGIN’ IN THE RAIN, 1952)
Зарим мюзикл киноны дуу киноноосоо ч илүү алдартай болсон байдаг. “Singin’ in the rain” бол дуугүй киноны эрин төгсөж, дуутай нь мандаж байсан 1920-иод оны Холливудыг егөөдсөн мөнхийн шидээвэр билээ. Яг энэ цагийн төлөөлөл Дон Локвуд, түүний гонгинуур хамтран тоглогч Лина Ламонт хоёрын технологийн хувьсалд дасан зохицох бүтэлгүй бөгөөд хөгжилтэй тэмцэл энд гарна. Жүжигчин Жин Келлигийн гудамжны шалбааг туучин, бороонд шүхэртэй бүжиглэдэг агшин нь дурлалын баяр баясгаланг кино урлагт мөнхөлсөн хэсэг юм.
“ЗАРЦ” (THE HANDMAIDEN, 2016)
Сүг Хи залуу, баян япон хатагтай Хидэкогоос хөрөнгийг нь хууль бусаар авахын тулд түүний гэрт зарц болж очдог. Тэдний төлөвлөгөө бол Хидэког залууд дурлуулан гэрлүүлж, эцэст нь сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлэх байв. Гэвч Сүг Хи Хидэко бүсгүйн зовлонтой, этгээд, нууцлаг амьдралыг ойроос харах тусам түүнийг өрөвдөн, улмаар тэдний дунд гал халуун дурлал үүснэ. Кино гурван өөр хэсгээс бүрдэх бөгөөд тэр бүрд үйл явдлын бодит үнэн өөр өөр өнцгөөс тайлагдаж, тэднийг дарангуйлж байсан эрэгтэйчүүдийн эсрэг хоёр бүсгүй хэрхэн нэгдэж буйг харуулсан нь хамгийн сонирхолтой.
“ТОЛЬ” (THE MIRROR, 1975)
Андрей Тарковскийн “Мөрдөгч”-ийг өмнөх цувралд онцолсныг уншигч та санаж буй биз ээ. Харин энэ удаад түүний “Толь” киноны талаар цухас дурдъя. Үхлийн ирмэгт ирсэн Алексей хэмээх эрхмийн дотоод ертөнц, түүний хүүхэд насны дурсамж, эх орон, Оросын түүхийн ээдрээ зэрэг сэдвийг хөндсөн бүтээл. Мөн Тарковский өөрийн ээж Маргарита Тереховаг гол дүрийн эмэгтэй болон эхнэрийн залуу насны дүрд тогтуулсан нь их сонирхолтой шийдэл болсон. Зураглаач Георгий Рербергийн зураг авалт киног яг л уран зураг шиг болгосон билээ. Салхинд найгах зүлэг, түүдэг гал, агаарт хөвөх тоос, дээврээс дуслах усыг хүртэл гоо сайхан дүрсэлсэн гээч. Өнгөт болон хар, цагаан кадруудын солигдол, Арсений Тарковскийн яруу найраг Бахын хөгжимтэй хэрхэн хосолсныг тольдохыг урья.
“САЛАХ ШИЙДВЭР” (DECISION TO LEAVE, 2022)
Ажилдаа улайрсан, нойргүйдэх эмгэгтэй мөрдөгч Хэ Жун талийгаачийн хятад эхнэр Со Рэг гол сэжигтнээр татан ажиглаж эхэлдэг. Гэвч тэдний хооронд мөрдөгч ба сэжигтний харилцаанаас давсан, үгээр илэрхийлэхэд бэрх сэтгэлийн холбоо үүсэж, ажиглалт нь яваандаа бие биеэ ширтэх, ажих болон хувирах ч хэргийн үнэн илрэхэд тэдний харилцаа замхарна. Хайр сэтгэл заримдаа ил тод яриагаар биш, харин нууцлаг үйлдэл, нэгнээ хайх тэмүүллээр илэрдэг шүү дээ.
“ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ” (THE GODFATHER, 1972)
“Загалмайлсан эцэг”-ийг мэдэхгүй хүн ховор болов уу. Луугар Фрэнсис Форд Копполагийн “The Godfather” бол зөвхөн мафийн бүлэглэлийн тухай бус, капитализм, гэр бүлийн үнэ цэн, эрх мэдлийн дарангуйллын тухай хүүрнэсэн эмгэнэлт бүтээл гэгддэг. Дэлхийн II дайны баатар, гэмт хэргийн ертөнцөөс ангид байхыг хүсдэг Майклын хувьд эцгийнхээ амь насыг аврахын тулд энэ бохир ертөнц рүү бүрэн орсны эцэст эцгээсээ ч илүү хатуу чанд, өршөөлгүй “Загалмайлсан эцэг” болдог юм. Эл бүтээлд ажилласан Гордон Уиллисыг онцлохгүй байхын аргагүй. Нино Ротагийн гунигтай, сүрлэг аялгуу, бусад эвлүүлэг нь кино урлагийн оюутнуудын “сурах бичиг” болсон гэхэд хилсдэхгүй.
“АЮУЛГҮЙН БҮС” (JOINT SECURITY AREA, 2000)
Пак Чан Вукийн “Joint security area” бол Хойд ба Өмнөд Солонгосын хилийн цэрэггүй бүсэд өрнөх үйл явдлаар дамжуулан улс төрийн үзэл суртал, үндэстний хуваагдал, хүний нандин нөхөрлөлийг харуулдаг юм. Улс төрийн үзэл суртал ба хил хязгаар нь хүний сэтгэл, нөхөрлөлийг зааглаж чадахгүй ч нийгмийн барьцаанд орсон хувь хүмүүс системээсээ болж хэрхэн золиослогддогийг харуулсанд уг бүтээлийн үнэ цэн оршино.
“БУРХАНЫ ХОТ” (CITY OF GOD, 2002)
Рио-де-Жанейро хотын ядуусын хороолол дахь зохион байгуулалттай гэмт хэрэг, хүчирхийллийг туйлын бодитой дүрсэлсэн тул “эмзэг дэлбээнүүд”-д дэмий кино гэдгийг эхэнд дурдах нь зүй. Энэхүү харгис орчинд өссөн хоёр залуугийн тэс өөр амьдралын замыг зэрэгцүүлэн харуулдаг. Нэг нь гэрэл зурагчин болох мөрөөдөлтэй, хүчирхийллээс хол байхыг хичээдэг Пушка бөгөөд тэрбээр залуугаасаа зургийн аппаратаар орчин тойрноо дурандаж эхэлнэ. Харин Дадэ нь эртнээс ядуусын хорооллын мафийн сүлжээг бүрэн хяналтдаа авахаар тэмцэнэ. Эцэст нь Пушка мафийн цус асгаруулсан тулааныг хальсанд буулгаснаар гэмт хэрэг, ядуурлаас мултрах цор ганц боломжоо олж авдаг.
“ДОЛООН САМУРАЙ” (SEVEN SAMURAI, 1954)
Алдарт найруулагч Акира Күросавагийн “Долоон самурай” нь кино урлагийн түүхэн дэх хамгийн нөлөө бүхий тулаант, драма бүтээлүүдийн нэг. XVI зууны Японы иргэний дайны үед тонуулчдын дээрэмд байнга өртдөг ядуу тосгоны тариачид болон тэднийг хамгаалах самурай нарын тухай энд өгүүлнэ. Урдаа барих зэвсэггүй, аймхай тариачид тэдэнтэй хамтран тосгоныг хамгаалах бэлтгэлээ хангаж, ширүүн тулааны эцэст дээрэмчдийг номхруулах ч дөрөв нь амь үрэгддэг. Найруулагч Күросава олон камераар нэгэн зэрэг зураг авах арга анхлан ашигласан нь тулаант хэсгүүдийг маш бодитой дүрсэлсэн явдал болсон юм.
“СОЛИОТ” (PSYCHO, 1960)
Альфред Хичкокийн “Солиот” бол сэтгэл зүйн триллер жанрын суурийг тавьж, кино урлагийн түүхэнд эргэлт хийсэн, сонирхогчдын “шүлсийг гоожуулсан” бүтээл билээ. Даргаасаа их хэмжээний мөнгө хулгайлан зугтаж буй Марион Крэйн хэмээх бүсгүйн түүхээр кино эхэлнэ. Тэрбээр замаасаа төөрч, Норман Бэйтс хэмээх залуугийн ажиллуулдаг замын хажуугийн нэгэн ганцаардмал дэн буудалд хоноглохоор болдог. Гэвч бүсгүй шүршүүрт орж байхдаа амиа алдана. Киноны хоёрдугаар хагаст Марион бүсгүйн дүү болон мөрдөгчид түүний сургийг гаргахаар уг дэн буудлыг зорих бөгөөд Норман ба түүний ээжийн харилцааны цаана орших гаж нууцыг олж мэддэг. Эцэст нь Норман Бэйтс нь сэтгэцийн гүн эмгэгтэй, нас барсан ээжийнхээ цогцсыг хадгалж, өөртөө түүний өөр нэгэн зан чанарыг бий болгон гэмт хэрэг үйлддэг байсан болж таарна. Хичкок тухайн үеийн Холливудын хэв маягийг эл бүтээлээрээ эвдсэн нь асар том шок болсон юм. Түүнчлэн цусыг улаанаар бус, хар, цагаанаар дүрсэлсэн нь кино монтажийн жишиг гэхэд буруудахгүй.
“ЧУНКИНГ ЭКСПРЕСС” (CHUNGKING EXPRESS, 1994)
Их хотын ганцаардал, сэтгэлийн шарх ба хайр. Хонконгийн шуугиант гудамжинд өрнөх бие биетэйгээ шууд холбоогүй хоёр өөр хайрын түүхийг харуулдаг. Эхний хэсэгт найз охиндоо хаягдсан цагдаа Такэши Канэширо хугацаа нь дуусах дөхсөн хан боргоцойн консерв цуглуулах бөгөөд “буруу гар”-ын бизнес эрхэлдэг шар үст нууцлаг эмэгтэйтэй нэгэн шөнийг хамт өнгөрүүлнэ. Хоёрдугаар хэсэгт мөн л дурлалын шархтай цагдаа Тони Люн болон түүний дуртай түргэн хоолны газарт ажилладаг Чуншин хэмээх этгээд зантай бүсгүйн харилцаа гарна. Чуншин залуугийн гэрийн түлхүүрийг нууцаар авч, түүнийг эзгүйд гэрт нь очиж тавилга, эд зүйлсийг нь бага багаар солих замаар сэтгэлийн шархыг нь анагааж эхэлдэг билээ. Асар хурдтай хувьсан өөрчлөгдөх их хотод хүмүүс бие биетэйгээ ойрхон зөрөлдөх ч дотоод сэтгэлдээ ямар их ганцаарддагийг харуулж, хугацаа нь дуусдаг консерв шиг хайр сэтгэл ба дурсамжийн хэврэг чанарыг дүрсэлсэн хэмээн кино шүүмжлэгчид бичжээ.
“МУЛХОЛЛАНДЫН ЗАМ” (MULHOLLAND DRIVE, 2001) Амжилт, алдар нэрд тэмүүлсэн залуу жүжигчин бүсгүйн биелээгүй хүсэл, гэмшлийн талаар энэ кинонд өгүүлнэ. Ой санамжаа алдсан нууцлаг эмэгтэй болон холливудад ирсэн залуу жүжигчний нөхөрлөлөөр үйл явдал эхлэх ч ойлгомжгүй, этгээд Дэвид Линчийн бүтээл болсон хойно яваандаа бодит байдал, зүүд зэрэглээний заагт арилж, хардалт, амиа хорлолтын агуулга руу огцом шилждэг. Харин “Мулхолландын зам”-д Линч гоо зүйн нео нуар стилийг сюрреализмтай төгс хослуулсан юм.
“ХАЙРЫН СЭТГЭЛ” (IN THE MOOD FOR LOVE, 2000)
Дэлгэцийн “яруу найрагч”, алдарт найруулагч Вон Кар Вайгийн нэрийн хуудас, XXI зууны шилдэг кинонуудын нэг бол “Хайрын сэтгэл”. Шүүмжлэгчид үүнийг “Ёс зүйтэй романсын тухай бүтээл” хэмээн хошигносон байдаг. Чо Моу Вань, Су Ли Жэнь нарын дунд үүсэх харилцаа нь бие биедээ тэмүүлсэн, гэрэл гэгээтэй дурлал гэхээс илүүтэй шархдаж, ганцаардсан шинжтэй гэвэл ононо. 1962 оны Хонконгийн нэг орон сууцад зэрэгцэн нүүж ирсэн сэтгүүлч залуу, нарийн бичиг бүсгүй хоёр өөрсдийн эхнэр, нөхрийг нууц амрагийн холбоотойг олж мэддэг. Тэд гомдол, ганцаардлаа хуваалцах тусам жинхэнэ хайр сэтгэлд хүрдэг ч нэгэндээ хэлж чадаагүй үгсээ Ангкор Ватын сүмийн чулуун хананы нүхэнд шивнэсээр салж оддог билээ. Кинонд Чо, Су нарын эхнэр, нөхрийн царайг хэзээ ч бүтэн харуулдаггүй нь тэднийг хэн нэг бодит хүн гэхээс илүүтэй дайвар, сүүдэр маягаар үзүүлсэн шийдэл байж болох. “Хайрын сэтгэл”-ийн турш Су Ли Жэнь улаан, ногоон, алтан шар өнгөтэй 20 гаруй гоёмсог чонсам сэлгэн өмсдөг нь бас их учиртай гэлцдэг. Удаашруулсан кадрт Шигэрү Умэбаяашигийн “Yumeji’s theme” вальсын эгшиглэх нь энэ бүтээлийг зүгээр л “тасархай” болгосон юм.
Д.СЭЛЭНГЭ