
- Бүтээн байгуулалт 80-90 хувьтайүргэлжилж байна -
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17) Улаанбаатар хотноо энэ сарын 17-28-нд болно. Гадаадын 4500 гаруй зочин, төлөөлөгч оролцох эл хуралд зориулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талд дөрвөн томоохон байгууламж барьж буй аж. Одоогоор үндсэн барилга угсралтын ажил 90, дотор тохижилт болон тайз, дэлгэц суурилуулалт70, явган хүний зам, ногоон байгууламжийн засвар80 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Барилга, байгууламжийг наймдугаар сарын 5-нд хүлээлгэж өгөхөөр төлөвлөсөн бөгөөд цаашид талбайн тэмдэг, тэмдэглэгээ хийх, сандал, сүүдрэвч байрлуулах, амьд ургамал болон бут сөөгөөр чимэглэх, тавилга суурилуулах зэрэг дотоод тохижилтын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх юм.
Төслийн талбайд гадаадын хөрөнгө оруулалттай гурав, дотоодын 18 компанийн 500 гаруй ажилтан ажиллаж байна. Барилга, байгууламж тус бүр 30 гаруй өрөөтэй бөгөөд эдгээрт нийт 350 орчим хурал, зөвлөгөөн болох юм. Талбайн төв хэсэгт барьсан том цомцог гэр нь 36 метрийн диаметртэй, өвлийн дулаалгатай бөгөөд тооно нь гэхэд л 10 ханатай гэрийн хэмжээтэй гэнэ. Тэрхүү гэрт Засгийн газрын томоохон төлөөлөгчдийн уулзалт, хэлэлцээ өрнөх аж. БОУАӨЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Ариунтуяа энэ үеэр “Монгол Улсын Засгийн газар энэхүү хурлаар “Тал хээрийн төлөвлөгөө” бодлогын баримт бичгээ танилцуулна. Энэхүү баримт бичиг нь Бэлчээр, Ус ба газрын нэгдсэн менежмент, Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц гэсэн гурван үндсэн агуулгатай. Гадаадын улс орнууд Монголыг тал хээр нутаг гэж хардаг тул ийнхүү нэрлэсэн. Бэлчээр гэдэг нь зөвхөн мал идээшилдэгнутаг бус, өндөр уулс болон ойн сангаас бусад бүх газрыг хэлдэг. Манай орны нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувийг эзэлдэг. Газрын гадарга халж, ургамлын төрөл, зүйл цөөрөн, хөрсний бүрхэвч арилснаар цөлжиж доройтон ган нүүрлэдэг. Тиймээс бэлчээр буюу хуурай газрыг хамгаалах нь хамгийн эхний тэргүүлэх зорилт юм” хэмээв.
COP17 хурлын үйл ажиллагаа цэнхэр, ногоон гэсэн хоёр бүсэд өрнөнө. Цэнхэр бүсэд хурлын үндсэн үйл ажиллагаанууд болох бөгөөд НҮБ-ын нутаг дэвсгэрт тооцогдох тул тус байгууллагын аюулгүй байдлын дүрэм журмыг баримтлах юм. Харин ногоон бүсэд иргэд иргэний үнэмлэхээрээ нэвтэрч, зохион байгуулж буй үйл ажиллагаануудтай танилцах боломжтой. БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир “COP17 бол зөвхөн Засгийн газар, эсвэл ганцхан яамны ажил биш, Монгол Улсын нэр хүндтэй шууд холбоотой. Энэхүү хурлаар манай оронд тулгамдаж буй цөлжилтөөс гадна дэлхий нийтийн газрын доройтлын асуудлыг хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрнэ. Үр дүнд нь манай улсад шаардлагатай санхүүжилтийг татах, ирэх 10 жилд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг эхлүүлэх өндөр ач холбогдолтой. Мөн цөлжилттэй тэмцэх сайн туршлагаа хуваалцах, цаашид хэрэгжүүлэх ажил, шинэ санаачилгуудаа танилцуулж хөрөнгө оруулалт татах нь энэ хурлын гол үр дүн.
Түүнчлэн хурал зохион байгуулахад ашигласан техник, хэрэгсэл, тоног төхөөрөмж, эд хогшил Монголд үлдэх бөгөөд тэдгээрийг тухай бүрд нь бүртгэн авч, шаардлагатай албан байгууллага, сургуулиудад хүлээлгэн өгөх боломжтой” гэсэн юм. COP17 “Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар” ОНӨААТҮГ-ын дарга Б.Баттулга “Бүртгэлийн хэсгээс үндсэн заал хүртэл 800 метр зайтай тул 15-16 хүний суудалтай цахилгаан автомашинаар үйлчилнэ. Мөн тухайн байршилд 10 МВт-ын хүчин чадалтай цахилгааны дэд станц суурилуулан, төвийн усан хангамж, бохир усны шугамд холбож, хөрсний ус зайлуулах системийг шийдвэрлэсэн. Гадна талбайд 680 орчим автомашины зогсоол байгуулж, ариун цэврийн зөөврийн 20 байгууламж байршуулснаас гадна дотор талбайд стандартын шаардлага хангасан, 80 хүний багтаамжтай ариун цэврийн хоёр байгууламж барилаа. Бүтээн байгуулалтад байгальд ээлтэй технологи ашигласнаас гадна зочдын шашны онцлогт тохируулж төлөвлөсөн тусгай хэсгийг ч гаргасан. Түүнчлэн аюулгүй байдлыг хангах үүднээс бүх талбай, булан тохойг бүрэн камержуулаад байна” хэмээсэн.