Ашиглахгүй байгаа тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасахаар болжээ. Энэ талаар Автотээврийн үндэсний төвийн техникийн хяналт, бүртгэл хариуцсан дэд захирал Т.Баясгалангаас тодрууллаа.
-Замын хөдөлгөөнд оролцоогүй удсан тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасна гэсэн. Уг ажил хэзээнээс эхлэх вэ?
-Хоёр шалтгааны улмаас замын хөдөлгөөнд ороогүй удсан тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасах ажлыг эхлүүлэх гэж байна.
Сүүлийн дөрвөн жил буюу 2012-2015 онд техникийн хяналтын үзлэгт ороогүй, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлөөгүй хэрэгслийг бүртгэлээс хасна.
Мөн улсын хилээр гараад эргэж ирээгүй тээврийн хэрэгслийг хасах юм. Уг ажлыг тодорхой үе шаттай хийхээр төлөвлөсөн.
-Бүртгэлээс хасах тээврийн хэрэгслийн тоо, судалгаа гарсан уу?
-Улсын хэмжээнд 105 мянга гаруй тээвгаргасан. Сүүлийн дөрвөн жил татвараа төлөөгүй 97.770 тээврийн хэрэгсэл байна гэсэн судалгаа бий. Бид Татварын ерөнхий газартай хамтран уг судалгааг гаргалаа.
Тус газраас “Дээрх тээврийн хэрэгслүүдийг улсын бүртгэлээс хасахад татгалзах зүйлгүй” гэсэн албан бичиг ирүүлсэн. Үүн дээр хилээр гараад эргэж ирээгүй 10 мянга орчим тээврийн хэрэгсэл бий.
-Хэрэв иргэн машиныг минь бүртгэлээс хасчихлаа гэсэн маргаан үүсгэвэл бүртгэлийг нь сэргээх боломж бий юү?
-Бүртгэлийг нь сэргээх боломжтой. Гэхдээ ямар учраас машинаа үзлэгт хамруулаагүй, татвараа төлөөгүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй вэ гэдэг асуудлыг ярина. Ер нь бид ийм гомдол гарах нь бага гэж тооцоолсон.
-Бүртгэлийг сэргээхдээ торгуулийн арга хэмжээ авах уу?
-Үүнийг татварын байгууллага шийднэ. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамрагдахгүй учир торгууль ногдуулах, татварыг нь төлүүлэх магадлалтай.
-Улсын бүртгэлээс хасах тээврийн хэрэгслийн жагсаалтыг иргэд харах боломж бий юу. Зарим тээврийн хэрэгслийг иргэд орон нутагт байлгаж буй тохиолдол олон бий?
-Байхгүй. Гэхдээ тухайн тээврийн хэрэгсэл дөрвөн жил хөдөлгөөнд ороогүй, эзэмшигч нь хашаандаа байлгадаг юм уу, эсвэл задлаад зарчихсан байж болзошгүй учир маргаантай асуудал гарахгүй байх. Зөвхөн орон нутагт, ойр зуур хэрэглэдэг тээврийн хэрэгсэл маш цөөхөн. Ийм тээврийн хэрэгслийг бүртгэлээс хассан байвал сэргээх боломжтой.
-Автомашины шинэ улсын дугаар худалдаанд гаргах ажил юу болж байгаа вэ?
-Хараахан шийдэгдээгүй, судалгааныхаа шатанд явж байна.
-Бүртгэлээс хасагдах тээврийн хэрэгслүүдийн улсын дугаарыг хураасныхаа дараа өөр тээврийн хэрэгсэлд олгож болно биз дээ?
-Суларсан дугаарыг эргэлтэд оруулах талаар судалгаа хийж байгаа. Ашиглахгүй байгаа тээврийн хэрэгслийн дугаарыг дараагийн иргэнд олгож болно. Гэхдээ дээрх тээврийн хэрэгслүүдийг бүртгэлээс хассаны дараа л улсын дугаарыг худалдаанд гаргана.
-Иргэд эзэмшиж буй тээврийн хэрэгслээ оношлогоонд оруулах ажил эхэллээ. Ачааллыг сааруулах талаар ямар ажил зохион байгуулж байна вэ?
-Манай техникийн хяналтын үзлэгийн төвүүд долоо хоногийн бүх өдөр ажиллаж буй. Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвүүдээр амралтын өдрийн 09.00-17.00 цагийн хооронд автомашинаа оношлогоонд оруулах боломжтой. Сүүлийн үед үзлэгт хамрагдсан сараасаа өмнө тээврийн хэрэгслээ оношлуулах иргэд олширсон. Тиймээс энэ жил ачаалал бага байх болов уу.
-Тээврийн хэрэгсэл бүртгэх хэдэн цэг ажиллаж байна вэ. Авто худалдааны цогцолборт нэг салбар шилжиж очсоноос үүдэн иргэд будлих болсон.
-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-наас манай Тээврийн хэрэгслийн бүртгэлийн газрын импортын тээврийн хэрэгслийг бүртгэх нэгж Авто худалдааны цогцолборт ажиллаж байна.
Хэлтсийн дарга болон ажилтнуудаас бүрдсэн арван хүнтэй баг ажиллаж байгаа. Улсын хилээр шинээр орж ирсэн, дугаараа аваагүй тээврийн хэрэгслийг зөвхөн тус салбар дээр бүртгэж гэрчилгээ, улсын дугаарыг нь олгоно.
Харин шилжилт хөдөлгөөний бүртгэлийг АСА цирк болон “Хөсөг трейд” ХХК дээр байрлаж буй бүртгэлийн цэгт хийж байгаа. Авто худалдааны цогцолбор болон “Хөсөг трейд”-ийн салбар амралтын өдрүүдэд ажилладаг.
Г.ЦЭЦЭГ