Хятад улсын нийслэл Бээжин хотод тулгамдаад байгаа агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхийн тулд эрх баригчид утаа болон агаар бохирдуулагч бусад хүчин зүйлстэй тэмцэхэд туслах өндөр хүчин чадал бүхий сэнсэн байгууламж, сүлжээ байгуулахаар төлөвлөж байна.
Энэ тухай Бээжин хотын хот төлөвлөлтийн хорооны орлогч дарга Ван Фэй мэдээлсэн ба түүний хэлснээр сэнснүүд бүхий таван гол зурвас нь 500 метр орчим урттай байх гэнэ.
Сэнсэн байгууламжийн сүлжээ нь хотын цэцэрлэгт хүрээлэнгүүд болон усан сангуудыг холбох бөгөөд ногоон бүсүүд, гол замуудын дагуу байрлах аж. Үүнээс гадна, сэнсэн байгууламжийн жижиг сүлжээг цаашид нэмж байгуулан дээрх системд нэгтгэхээр төлөвлөжээ.
Ван Фэйний хэлснээр, барилгын ажлыг хатуу хяналтын дор явуулах ба Хүрээлэн буй орчны бохирдолтой тэмцэхэд 2016 онд 16.5 тэрбум юань буюу ойролцоогоор 2.5 тэрбум доллар зарцуулахаар төлөвлөж буйгаа Хятадын нийслэл хотын эрх баригчид урьд нь мэдэгдэж байжээ.
Бээжин хотын эрх баригчдын төлөвлөгөөнд мөн агаар дахь “PM 2.5” тоосонцрын агууламжийг энэ жил 5 орчим хувиар бууруулах арга хэмжээ орсон байна.