Цахилгааны төлбөр хэд гарсныг хаанаас мэдэх вэ
Соёлт ертөнцөд өнөөдөр цахилгаан, эрчим хүч хэрэглэдэггүй хүн гэж үгүй. Гэвч бид хэрэглэсэн цахилгаан, эрчим хүчний төлбөрөө хэзээ, хаана, хэрхэн төлөхөө санаатай, санамсаргүйгээр умартчих гээд байдаг гэмтэй.
Уг нь цахилгаан, эрчим хүч хэрэглэсэн төлбөрийн мэдээлэл сар бүр таны гэрээ хийхдээ бүртгүүлсэн утсанд мэссэжээр очдог байх учиртай. Уг гэрээг эрчим хүч хэрэглэж буй айл өрх, аж ахуйн нэгж бүр байгуулдаг. Таны утасны дугаар өөрчлөгдсөн бол дуудлагын төвийн 70047004 утас болон www.my.tog.mn цахим хуудсанд хандан мэдэгдвэл мэдээллийг шуурхай авах боломж бүрдэх юм.
Учир нь зөвхөн нэг удаа бүх хэрэглэгч рүү төлбөрийн болон засвар, үйлчилгээний талаарх мэдээллийг мэссэжээр илгээхэд таван сая төгрөг зарцуулдаг гэсэн. Тэрхүү мөнгө та, бидний төлсөн татвар гэдгийг санахад илүүдэхгүй биз ээ.
Мөн www.my.tog.mn-д хэрэглэгчийн кодоороо нэвтэрч, бүх мэдээллээ харах боломжтой. Энэ бол зөвхөн хэрэглэгчдэд зориулсан цахим хуудас юм. Дээр дурдсанчлан гэрээ байгуулсан хэрэглэгч бүр кодтой. Түүнийгээ 137004 дугаарт мэссэжээр илгээж, төлбөрийн үлдэгдлээ шалгаж ч болно.
Үүнээс гадна 70047004 дугаараар оператортай холбогдон төлбөрийн мэдээллээ авах боломжтой юм шүү. Энэхүү дуудлагын төв Монголдоо хамгийн том нь бөгөөд мэргэжлийн 20 орчим инженер 24 цагаар танд туслахад бэлэн ажилладаг.
Тус төвд ирдэг нийт дуудлагын 80 гаруй хувь нь лавлагаа байдаг аж. Өөрөөр хэлбэл, цахилгааны төлбөр хэд гарсан, түүнийг хаана төлөх, дансны дугаар нь хэд вэ, төлж амжаагүй байтал цахилгаан тасалчихлаа гэх гомдол, санал давамгайлдаг хэрэг.
Та гэртээ удаан хугацаагар байхгүй үедээ ч төлбөрөө урьдчилан төлөх боломж бүрдсэн юм байна. Тодруулбал, www.my. tog.mn цахим хуудсыг ашиглан төлбөрийн мэдээллээ авч, дэлхийн аль ч өнцгөөс төлбөрөө төлөх боломжтой.
Тус цахим хуудсаар дамжуулан Монголын болон гадаадын бүх төрлийн төлбөрийн картаар цахилгаан, эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө хийх боломж бүрдсэн байна. Мөн үүгээр гэрээгээ өөрчилж, сунгах боломжтой гэнэ.
Тэнд таны төлбөрийн мэдээллийг нарийн задаргаа бий. Бүр дуудлагын төвтэй утсаар холбогдсон яриаг бичлэг хэлбэрээр хоёр хүртэл жил хадгалдаг гэсэн.
Тоолуурын заалтыг зөв бичсэн эсэхийг хэрхэн хянах вэ
Юуны түрүүнд тоолуурын заалтыг нэхэмжлэлтэй тулгаж үзээрэй. Тоолох хэсэг нь механик бол улаан хүрээнд байгаагаас бусад тоотой тулгана. Харин электрон бол цэгийн өмнөх тоотой тулгах юм. Мөн төлбөр тооцсон, үнэ тариф болон тооцоонд хамрагдсан хугацааг нягтлахаа бүү мартаарай.
Аж ахуйн нэгж, айл өрхийн аль нь болохоос хамааран Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоосон үнэ тарифаар тооцсон, эсэхийг шалгах учиртай. Ингэхдээ төлбөрийн нэхэмжлэлд бичсэн тооцооны хамрах хугацааг нягтална.
Хэрэв та тоолуурын заалтыг нэхэмжлэлтэй тулгаж үзээд эргэлзвэл дуудлагын төвийн 70047004 дугаарын утас, www.my.tog.mn цахим хуудас, эсвэл харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвд очиж тоолуураа шалгуулах захиалга өгөөрэй.
Төлбөр төлөх хялбар арга
• www.my.tog.mn цахим үйлчилгээ
• Банкны биллинг, и-биллинг үйлчилгээ
• Интернэт, мобайл банк үйлчилгээ
• ТҮЦ машин (Улаанбаатарт гэхэд л ийм машин 73 бий)
• АТМ-ийг ашиглан төлбөрөө хийх боломжтой.
Тог тасарвал яах вэ
Тог тасарвал дараах зүйлсийг нягтлаад 70047004 дугаарт дуудлага өгөөрэй. Төлбөр төлөх хугацаа, хэтэрсэн эсвэл гар утсанд тань засвар үйлчилгээ, гэмтлээс шалтгаалж цахилгааныг түр хязгаарлаж, таслах зар ирсэн, эсэхийг шалгаах учиртай.
Хэрэв эргэлзэж байвал 137004 дугаарын утсанд хэрэглэгчийн кодоо мэссэжээр илгээж, төлбөрийн үлдэгдлээ мэдэхэд илүүдэхгүй. Үүнээс гадна зөвхөн танайх, эсвэл олон айлын цахилгаан тасарсан, эсэхийг шалгаарай.
Танай цахилгааны автомат оруулгын утас тасарсан зэрэг ил харагдах гэмтэл гарсан, үгүйг шалгахад гэмгүй.