“Хэн нэгэн зөрчил гаргасныхаа төлөө торгууль төлдөг. Гэтэл бас давхар оноо хасна гэдэг нь юу болж байна аа. Торгосон бол оноогоо хасахаа болих эсвэл оноо хассан бол торгохоо болих хэрэгтэй.
Замын цагдаагийн хөрөнгөжсөн хурандаа нараа хүнээ бодох сэтгэл байна уу”, “Энэ одоо юу вэ, мөнгө угаах ажлаа хийж байна, дэндүү юм аа”, “Даатгалын компанийн лообийгоор гарч байгаа 10 онооны систем юм биш үү? Монгол иргэд, жолоочоо шулах аргад засаг төр их оролцож байна даа” гэх мэт гомдол, хардалт тээсэн сэтгэгдлүүд цахим хуудсанд бичигдээд удлаа.
Энэ бүгд жолооч бүрт 10 оноо өгч, зөрчил гаргахад нь түүнээс нь хасах журамтай холбоотой. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэчлэгдэн батлагдсан хууль өнгөрсөн оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.
Уг хуулийг дагаж гарах 26 журмын нэг болох “Жолоочийн зөрчлийн оноог тооцон бүртгэх журам” энэ сараас хэрэгжиж эхлээд удаагүй ч олон хүний гомдлыг тээх болсон нь нэг зөрчилд хоёр ял оноож буйтай холбоотой юм. Харин албаны хүмүүс жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо сахилга баттай байлгах үүднээс уг журмыг боловсруулан, хэрэгжүүлж эхэлсэн гэж тайлбарлаж буй.
Энэ талаар Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат “Зөрчлийн онооны тухай журам хэрэгжүүлэх болсон эцсийн зорилго бол жолоочийн сахилга батыг сайжруулах.
Өөрөөр хэлбэл, замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын ёс зүй, сахилгыг дээшлүүлэх зорилгоор төр албадлагаар хэрэглэдэг хэм хэмжүүрийн нэг хэлбэр гэж ойлгож болно. Гэхдээ зөрчил гаргаагүй жолоочийг урамшуулна. Мөн оноог нь эргүүлэн сэргээх боломжийг ч бүрдүүлсэн” гэсэн юм.
Тэгвэл жолооч нар оноо хасаж буй атлаа дахин торгууль ногдуулж буйг нэмэгдэл ял оноож байна хэмээн үзэж, эсэргүүцлээ илэрхийлж эхэлжээ. Гэвч уг журмыг хэрэгжүүлж байгаа алба нь “Хуульд заасны дагуу л арга хэмжээ авч байна” гэсэн байр суурьтай байгаа юм.
Тодруулбал, энэ талаар Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Д.Төрбат “Жолооч нар Захиргааны болон Зөрчлийн тухай хуулийг унших хэрэгтэй. Түүн дээр жолооч зөрчил гаргавал ямар хариуцлага тооцохыг тодорхой бичсэн.
Хэрэв хэн нэгэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол мөнгөн торгууль ногдуулж, мөн жолоодох эрхийг нь хасаж байгаа. Энэ тухай Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд тодорхой заасан. Бид хуулийн дагуу л арга хэмжээ авч байгаа” гэсэн юм.
Тэгвэл нэмэгдэл ял оноож буйг хуульч, өмгөөлөгч нар буруу хэмээн үзэж байна. Тэд “Жолооч нар энэ асуудлын эсрэг ямар арга хэмжээ авах вэ гэдэг талаар лавлаж байгаа. Нэмэгдэл ялыг ямар үндэслэлээр үүрүүлж буйг журам боловсруулсан хүмүүсээс лавлах хэрэгтэй” гэсэн юм.
Өмгөөлөгч Г.Батбаяраас энэ талаар тодрууллаа.
-Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж мөнгөн торгууль ногдуулчихаад 10 онооноос нь хасаж, цаашлаад жолоодох эрхийг нь хүчингүй болгох нь давхар ял оногдуулж буй хэлбэр мөн үү?
-Мөн. Уг нь Захиргааны хариуцлагын тухай хуульд “Нэг зөрчилд давхардуулсан шийтгэл ногдуулахгүй” гэсэн заалт бий. Тэгэхээр зөрчлийн оноог хасаад, нэмэлтээр мөнгөн торгууль авч буй нь нэг үйлдэлд хоёр хариуцлага давхардуулан тооцсон байдал болчихоод байгаа юм.
-Ямар нөхцөлд нэмэгдэл ял шийтгэдэг юм бэ?
-Эрүүгийн хуульд нэмэгдэл ял хэрэгжүүлэх заалтыг тусгайлан тусгасан. Тус хуулийн 45, 46 дугаар зүйлд энэ тухай тодорхой хуульчилсан байдаг. Тухайлбал, албан тушаалаас нь түдгэлзүүлэх, эд хөрөнгийг нь хураах, албадан ажил хийлгэх гэх мэт нэмэгдэл ялыг хорих ялтай хамтад нь ногдуулдаг.
-Жолооч нар энэ асуудлаар гомдол гаргах болсон гэдэг үнэн үү?
-Ер нь бидэнд хандаж, яах вэ гэсэн хүн олон бий. Гэтэл энэ асуудалд эрүүгийн хэрэг үүсгэх боломж хомс. Учир нь ногдуулж буй мөнгөн торгууль нь эрүү үүсэх хэмжээнд хүрэхгүй байна.
Тухайлбал, гэрэл дохио зөрчсөн жолоочийг 10 мянган төгрөгөөр торгоод, оноог нь хасаж буй нь нэг хүнд бол их хохирол биш. Гэхдээ үүнийг бүх жолоочийн хэмжээнд авч үзвэл олон хүн хохироод байгаа юм.
-Тэгвэл жолооч нарын ярьж буй шиг тус журмыг цуцлах арга хэмжээ авч болох уу?
-Болно. Гэхдээ журам гаргасан хүмүүс нь тушаалаа хүчингүй болгох шаардлагатай гэв.
Энэ сарын 19-21-ний өдөр 316 зөрчил бүртгэгдсэн байна. Тэгэхээр 316 жолооч онооноосоо хасуулж, давхар мөнгөн торгуулиар шийтгүүлжээ. Ийнхүү давхар шийтгэл ногдуулснаар жолооч нар сургалтад суух, улмаар шинэ үнэмлэх захиалах гээд үргүй зардал гаргах болоод байгаа.
Тиймээс зарим жолооч “Өмнө нь үнэмлэх цоолдог байхад бидэнд сонголт байсан. Нэг зөрчлөөр торгуулсан бол тэр хуудсаа үзүүлээд дахин торгуулахгүйгээр тухайн өдөртөө хөдөлгөөнд оролцож болдог байв.
Одоогийнх шиг хүчээр давхар шийтгэдэггүй байсан. Тиймээс оноо хасуулах эсвэл торгуулах гэсэн сонголтыг өгөх нь зүйтэй” гэж ярилаа. Өмгөөлөгчийн ярианаас үзвэл манай эрх мэдэлтнүүд хохирлын хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрэхгүй бол эрүүгийн хэрэг үүсгэдэггүй хуулийн цоорхойгоор далимдуулан жолооч нарыг давхар шийтгэж буй аж.
Яг л хулгайч шиг. 190.000 төгрөгтэй түрийвчийг минь хулгайлсан урт гартанд эрүүгийн хэрэг үүсгэдэггүй шүү дээ. 20.000 төгрөгөөр торгочихоод, таван оноо хасчихад заргалдах арга үгүй. Учир нь тэр оноог мөнгөөр үнэлэх хэмжээ алга.
Г.ЦЭЦЭГ