Сургууль цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаа өнөө үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны 1300 гаруй сурагч шинэ сургуультай болж байна. Учир нь тус хорооны анхны бүрэн дунд сургууль болох 124 дүгээр сургууль өнөөдөр нээлтээ хийлээ.
2008 онд анх Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар олгох гэрчилгээгээ авч, 2010 оноос сургуулийн барилгын ажлыг эхэлж байсан боловч 2011 онд барилга царцанги байдалд орж байжээ. Дөрвөн жилийн хугацаанд царцанги байдалтай байж байгаад 2015 онд дахин баригдаж, тус оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр ашиглалтад орсон аж.

Харин өнгөрсөн сараас эхлэн хүүхдүүдээ бүртгэж авч эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 33 бүлгийн 1151 хүүхэд хичээллэж байгаа юм.

Энэ талаар 124 дүгээр сургуулийн захирал Х.Чулуунбаатараас тодруулахад, “Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо нийт 14200 гаруй хүн амтай. Үүнээс 1300 орчим нь сургуулийн насны хүүхдүүд байгаа. Харин одоогийн байдлаар 1151 хүүхэд харьяаллын дагуу сургуульдаа суралцаж байгаа хэдий ч энэ намраас бүх хүүхдийг бүрэн хамруулна. Учир нь сургууль хоёр ээлжээр 1280 хүүхэд хичээллүүлэх хүчин чадалтай.
Багш ажилчдын хувьд сургууль нийтдээ 75 ажилтантай ба үүний 45 нь багш, сурган хүмүүжүүлэгчид байгаа юм” гэлээ.


Сургуулийн нээлтэд Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр ирсэн юм. Тэрээр нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Улсын төсвийн 3.6 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтээр баригдсан шинэ сургууль өнөөдөр нээлтээ хийж байна. 24 дүгээр хороо 70 хүүхдийн багтаамжтай ганцхан цэцэрлэгтэй, харин бүрэн дунд сургуульгүй байсан. Тиймээс энэ хорооны хүүхдүүд 76, 67, 104 дүгээр сургуулиудад тархан суралцдаг байсан бол одоо харьяаллынхаа сургуульд суралцах бүрэн боломжтой боллоо. Бид гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Баянхошуу дэд төв” гэсэн томоохон төслийг хэрэгжүүлж байгаа. Үүний нэгээхэн хэсэг бол энэхүү сургууль юм. Гэхдээ төслийн ажил ганцхан сургуулиар хязгаарлагдахгүй. Баянхошууг хотын нэг том төв болгон хөгжүүлж, бүтээн байгуулалтын нэлээд их ажлыг хэрэгжүүлнэ. Тухайлбал, замын бүтээн байгуулалтууд, гэрэлтүүлэг болон тохижилт, ногоон байгууламжуудын ажил хэрэгжинэ” гэсэн юм.

Түүнчлэн 124 дүгээр сургуулийн биеийн тамирын багш Б.Эрдэнэхуягийн хэлснээр сургууль урлаг спортын олон секц дугуйланг хичээллүүлэх юм байна. Үүний нэг нь үндэсний бөхийн секц юм. Харин тус секцийн хамгийн отгон сурагч бол Д.Бүрэнзэвсэг юм. Тэрээр долоо хоног бүр зохион байгуулагддаг үндэсний бөхийн тэмцээнд амжилттай оролцож, сүүлийн дөрвөн долоо хоног дараалан үзүүр түрүү авсан байна.



