
Улсын Их Хурлын ээлжит долоо дахь удаагийн сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан Монгол Улсын Засгийн газар нь Монгол Улсад бий болсон эдийн засаг, санхүүгийн хүнд нөхцөлд улс орныхоо эдийн засгийг богино хугацаанд сэргээж, өсөлтийг бий болгон нийгмийн салбаруудыг дэмжиж, иргэдийнхээ аж амьдралыг сайжруулахад чиглэсэн тодорхой зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Засгийн газар байгуулагдсанаас хойш 100 хоногийн хугацаанд Гадаад харилцааны яамнаас хэрэгжүүлсэн гол үйл ажиллагааны тойм мэдээг хүргэж байна.
“LEAD Mongolia” төсөл хэрэгжиж эхэллээ
АНУ-ын тусламжаар 2,5 сая ам.долларын санхүүжилттэй “LEAD Mongolia” төслийг хэрэгжүүлж эхлэв. Уг төсөл хоёр жилийн туршид хэрэгжих бөгөөд 25-40 насны нийт 90 залуус хамрагдаж, эдгээрийн 30 нь АНУ-д 2017 онд солилцооны хөтөлбөрт хамрагдана. Төсөл байгаль орчин ба хотжилт, ажилгүйдэл ба ядуурлыг бууруулах, ил тод байдал ба авилгатай тэмцэх зэрэг үндсэн салбар, чиглэлд хэрэгжинэ.
Дипломат болон албан паспорт эзэмшигчид Бүгд Найрамдах Мальта Улс, Бүгд Найрамдах Хорват Улсуудад визгүй зорчино
Монгол Улсын иргэдийн гадаадад зорчих нөхцлийг хөнгөвчлөх зорилтыг шат дараатайгаар хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай” Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Мальта Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хорват Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотноо тус тус гарын үсэг зурав.
Дипломат паспорт эзэмшигчид Япон Улсад визгүй зорчино
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Кикүчи Минорү нар Дипломат паспорт эзэмшигчдийг харилцан визээс чөлөөлөх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын ноот бичиг солилцов. Уг ноот бичгийн дагуу хоёр улсын дипломат паспорт эзэмшигчид 30 хоногийн дотор визгүй зорчихоор боллоо. Цаашид албан болон энгийн паспорт эзэмшигчдэд визийн хөнгөлөлт үзүүлэх асуудлыг шат дараатай тохиролцохоор талууд санал солилцов.