
БНСУ-д сурдаг монгол эмэгтэй бусдын захиалгаар дэлгүүрт гал тавьсан хэрэг хэдхэн хоногийн өмнө гарсан. Тэгвэл тус улсад амьдардаг манай улсын бас нэг иргэн гэмт хэрэгт холбогджээ. Эх сурвалжуудын мэдээлснээр тус улсад амьдардаг ах, дүү хоёр маргалдаж, улмаар дүү нь ахыгаа хороосон аж.
Хэргийн талаар ГХЯ-ны эх сурвалж “Ийм хэрэг гарсан нь үнэн. БНСУ-ын Кёнги мужийн Гуян хотын Илсандун дүүрэгт оршин сууж байсан иргэн Б.Д төрсөн дүүдээ хутгалуулан амиа алдсан талаар тус улс дахь манай ЭСЯ-наас бидэнд мэдэгдсэн. Сэжигтнийг Гуян хотын цагдаагийн газрынхан саатуулан, шалгаж эхэлсэн гэсэн. БНСУ дахь манай ЭСЯ-ныхан уг хэрэгт анхаарал хандуулж байгаа” гэв.
Хэрэг энэ сарын 20-ны өдөр гарчээ. Гуян хотын цагдаагийн газраас “Гэр бүлийн маргаан нь даамжирч, эцэст нь нэгнийгээ аминд хүрсэн” гэх мэдээллийг өгсөн гэнэ. Хэргийг шийдвэрлэтэл үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй гэж буй ч ахыгаа хөнөөсөн этгээдийг 15 настай гэдгийг албан бус эх сурвалж мэдээлж байна.
Талийгаач аав, ээж, дүүгийнхээ хамт Солонгост очоод нэг сар гаруй болж буй бөгөөд очсон үеэсээ хойш тэрбээр мөрийтэй тоглоомд донтож, түүнийг нь эсэргүүцдэг аавдаа удаа дараа гар хүрч байсан гэнэ. Түүний аав Б нь 45 настай аж. Харин талийгаач хүү 20-той гэнэ.
Хэрэг гардаг өдөр талийгаач аавтайгаа маргалдаж, улмаар аавдаа гар хүрсэн аж. Тэр үйлдэлд нь зэвүүцсэн дүү нь түүний нуруу руу хутгалсан гэх мэдээллийг тус улсад ажиллаж, амьдардаг хүмүүс ярьж байна.