
Гадаад паспорт захиалах гэж урт дараалалд зогсдогоос болж иргэд нэлээд бухимддаг. Тэгвэл уг асуудал ирэх долоо хоногийн лхагва гаригаас зөв голдиролд орох нь. Учир нь гадаад паспортын захиалгыг урьдын адил Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас гадна “Мишээл экспо”, “Дүнжингарав”, “Драгон” төвд байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн цэгт өгөх боломжтой болж байна.
Материалаа бүрдүүлсэн, Улаанбаатар хотын иргэдэд дээрх төвүүд чирэгдэлгүй үйлчлэх юм байна. Түүнчлэн паспортынхаа хугацааг сунгуулах бол харьяа дүүргийнхээ Бүртгэлийн хэлтэст хандахад л хангалттай аж. Тус ажлыг ОӨУБЕГ, дүүргүүдийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулахаар болжээ. Орон нутгийн иргэд тухайн аймгийнхаа Бүртгэлийн хэлтэст захиалах бөгөөд ОӨУБЕГ-ынхан тав хоногийн дотор хэвлэж, шуудангаар явуулах юм байна.