
Хан-Уул дүүргийн III хорооны нутаг, Яармагийн гүүрэн дор өнгөрсөн мягмар гаригийн үдэш толгойдоо сумны шархтай нэг эр байсныг иргэд олж цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр эмнэлгийн тусламж үзүүлж амийг нь аварчээ. Одоогоор түүний биеийн байдал тогтвортой байгаа талаар ГССҮТ-ийн эмч нар хэлж байна.
Тэдний өгүүлснээр сум чамархайгаар нь орж, тархинд үлдсэнийг мэс засал хийж авсан гэнэ. Хэргийн газрын үзлэгээр тайрсан “ТОЗ-8” буу, хонгионоос гадна дээрх эрийн болон өөр хэн нэгний гутлын мөр олдсон аж. Эх сурвалжуудын нэг хэсэг нь Баянгол дүүрэгт оршин суудаг 41 настай Р.Д гэх эр амиа хорлохыг завдсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэв.
Бие нь сайжрахаар өөрөөс нь тайлбар авна, одоогоор ар гэрийнхнээс нь мэдүүлэг авч эхэлсэн гэсэн юм. Харин зарим нь “Гаднын нөлөөтэй байж болзошгүй, эсвэл амиа хорлоход хүргэхүйц нөхцөл байдал үүссэн байх магадлалтай. Юутай ч өөрийнх нь болон ар гэрийнхнийх нь тайлбар, мэдүүлгээр тодорхой болох байх. Өөр дүүрэгт гарсан гэмт хэрэгтэй холбоотой байж болзошгүй гэх мэдээлэл бий” гэлээ.