
Төрийн өмчит компаниудын нийт өр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гурав дахин өссөн талаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Ням-Осор өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ хэллээ. Тухайлбал, 2012 оны эцэст төрийн өмчийн болон оролцоотой компаниуд гурван их наяд төгрөгийн өглөгтэй байсан бол өнгөрсөн оны байдлаар 10.5 их наяд төгрөгт хүрсэн байна.
Харин авлага нь нэг их наяд төгрөгөөр нэмэгдсэн аж. Мөн одоогийн байдлаар төрийн өмчит 98 компани бүртгэлтэй байгаа бөгөөд нийт 21 их наяд төгрөгийн хөрөнгө бүртгэгджээ. Иймд тус газраас цаашид үйл ажиллагаа явуулдаггүй “Мах корпорац” гэх мэт есөн компанийг татан буулгах, “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв”, “Эрчим хүч, эдийн засгийн хүрээлэн”, “Эрчим хүчний хөгжлийн төв” зэрэг үүрэг, чиглэл төстэйг нь нийлүүлэхээр болсон гэнэ.
Мөн Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлах, заримынх нь засаглалыг сайжруулах гэсэн дөрвөн чиглэлээр ажиллахаар төлөвлөжээ. Энэ үеэр Ц.Ням-Осорт сэтгүүлчид асуулт тавьж, хариулт авсан юм.
-Ирэх оны төсвийн төсөлд Төрийн банк зэрэг хэдэн компанийг хувьчлахаар тусгасан. Энэ ажлыг хийх үү?
-Өмнө нь хувьчлалын жагсаалт гаргаж, нэлээд хэдэн компанийг багтаагаад байсан. Эдгээрийг хувьчлах, эсэхийг УИХ шийднэ. Ямартай ч ирэх оны төсвийн төсөлд тусгасан Монголын хөрөнгийн бирж, Төрийн банк, “Оргил” рашаан сувиллыг хувьчилна.
-“Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьчлалын асуудлаар танай газар ямар байр суурьтай байгаа вэ?
-“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хувьчилсан нь зөв, буруу эсэх талаар байр суурь илэрхийлэх боломжгүй. УИХ-ын сонгуулиас өмнө болсон явдал. Харин ТУЗ-ийн хурлаа ойрын хугацаанд хийе гэж төлөвлөсөн байгаа. Одоогоор хувьцаа эзэмшигч талууд ТУЗ-ийн гишүүд болон захирлыг ямар хугацаагаар томилох вэ гэдгийг тохиролцож чадаагүй байна. Үүнийг тохирч чадвал ТУЗ-ийн хурал болно.
-Төрийн өмчит компаниудын өр гурав дахин өсөхөд юу нөлөөлсөн бэ?
-Өр яагаад ингэж өссөнийг бид судалж байгаа. Одоогоор богино хугацаат зээл 7.4 их наяд, урт хугацаат нь хоёр орчим их наяд төгрөгт хүрсэн. Манайх үүнийг компани тус бүрээр нь шалгаж буй. Татварын өр үү, нийгмийн даатгалынх уу, эсвэл хувь хүн, компани хооронд бий болсон авлага уу, ямар хугацаатай вэ гэх мэтчилэн нягталж байна. Удирдлага, менежментийн алдаанаас болж ийм хэмжээний өр зээл үүссэн болов уу гэж бодож байна.
-Аж ахуйн нэгж нь ашигтай ажиллаж байгаагаас үл хамааран эдгээр компанийн удирдлага, ТУЗ-ийн гишүүд маш өндөр цалин, урамшуулал авч байна. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?
-Засгийн газраас төрийн өмчит компаниудын урамшуулал, гадаад томилолт, орон сууцны дэмжлэгийг зогсоох шийдвэр гаргасан. Мөн арав орчим компанийн захирал сард таван сая төгрөгөөс дээш хэмжээний цалин авч байсныг Засгийн газрын шийдвэрээр 30 хувиар танасан. Бусад компанийн удирдлагууд сард 2-3 сая төгрөгийн цалинтай. Цаашид эдийн засгийн үр ашигтай холбохгүйгээр урамшуулал, дэмжлэг, хөнгөлөлт үзүүлэх системийг эргэн харна. Хэрэв урамшуулал өгөхөөр болбол жирийн ажилтнаас захирал хүртэл жигд хуваарилах зарчим баримтална.
-Зарим ДЦС-ын тодорхой хувийг Монголын хөрөнгийн биржээр хувьчлахаар болсон. Энэ ажлыг үргэлжлүүлэх үү?
-ДЦС-уудын 30 хувийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлах шийдвэр бий. Гэхдээ үүнийг үргэлжлүүлэх, эсэхийг УИХ, Засгийн газар шийдвэрлэнэ.
-“Эрдэнэс Монгол”-д зарим компанийг нэгтгэж, Сингапурын “Темасек”-ийн загвараар хөгжүүлэхээр болсон. Одоо “Эрдэнэс Монгол” болон танай газар ямар байдлаар ажиллах юм бэ?
-“Эрдэнэс Монгол” төрийн өмчит зарим компанийн менежментийг нь сайжруулахаар өөртөө нэгтгэсэн. Энэ нь ямар хэмжээнд байгааг мэдэхгүй байна. Гэхдээ хөрөнгийн бүртгэл, бусад үйл ажиллагаа нь манайд хамаарна. Харин удирдлага, менежментийг нь “Эрдэнэс Монгол” хариуцах юм.
-Төрийн өмчит компаниудыг ирээдүйд хувьчлах чиглэл барих уу?
-Стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжүүдийг хувьчлахгүй.