
Монголын “Драй милк” компани Японы хатаагч технологийг ашиглаж, шингэн сүүг богино хугацаанд хуурай сүү болгон зах зээлд нийлүүлэх болжээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг саяхан Японд айлчлах үеэр тус компани тэндхийн “Пирсай” компанитай онцгой эрхтэй түгээлтийн гэрээ байгуулжээ. Монголчууд жилдээ 200 сая литр сүү хэрэглэдэг бөгөөд үүний 20 гаруй хувийг фермерүүд хангадаг бол үлдсэнийг нь импортын бүтээгдэхүүн эзэлдэг юм байна.
Тиймээс импортоор оруулж ирдэг хуурай сүүний орон зайг “Драй милк” компани нөхөхөөр зорьж буй аж. Зуны улиралд сүү, сүүн бүтээгдэхүүн хямдрах үеэр тэд шингэн сүү худалдан авч, хуурай хэлбэрт оруулаад, худалдаанд нийлүүлэх юм байна.
Японы компанитай байгуулсан гэрээний хүрээнд эхний ээлжинд 50 ширхэг хатаагч машин оруулж ирэн, ирэх зун туршилтын бүтээгдэхүүнээ гаргахаар төлөвлөжээ. Цаашид бүх аймагт сүүнийх нь гарцаас хамааран тухайн бүсэд зохицсон технологийг нутагшуулах бөгөөд “Пирсай” компани 1000 ширхэг машин нийлүүлэхээ мэдэгдсэн аж.