
Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдрийг тодорхойлон Монгол бахархлын өдөр болгон зарлаад хэдэн жил болж байна. Бүх нийтээрээ амарч, бахархлын өдрөө тэмдэглэж буй ч багачууд энэ талаар ямар ойлголттой байдаг талаар тодрууллаа. Олон зууны тэртээх өвөг дээдсийнхээ байлдан дагууллаас илүүтэй өнөө цагийнхаа сайхныг тольдсон тэдний хариулт та бүхэнд сонирхолтой байх болов уу.
Бид тэднээс
1.Чингис хаан гэж хэн бэ?
2.Бахархал гэж юу вэ?
3. Чи юугаар хамгийн их бахархдаг вэ? гэж асуусан юм.
М.Нандин-Эрдэнэ 4 настай
1. Чингис хаан гэдэг бол хатантай, ханхүүтэй, гүнжтэй хаан байх аа. Би гэхдээ Чингис хааныг харж байгаагүй ш дээ.
2. Бахархал гэж хайртай юмыг маань хэлнэ.
3. Би аав, ээжээрээ бахархдаг.
М.Батзандан 7 настай
1. Чингис хаан бол бидний өвөг дээдсийн мундаг хаан.
2. Бахархал гэдэг бол агуу том зүйл байх аа. Гэхдээ би сайн мэдэхгүй юм.
3. Би улс төрийг удирддаг хүмүүсээр бахархдаг.
У.Чингүүн 8 настай
1. Чингис хааныг Тэмүүжин гэдэг. Монгол Улсын хаан байсан.
2. Монгол Улсын бахархал бол Чингис хаан. Харин хэзээ төрсөн, хэдэн онд хаан болсныг нь мэддэг байсан чинь мартчихаж
3. Би дүү нараараа бахархдаг.
Д.Анир 6 настай
1.Чингис хаан бол бидний байхгүй улсад амьдарч байсан. Тэр бүхнийг алж, бүхнийг гартаа оруулж, бас бүхнийг хамгаалсан. Тэр хамгийн хүчтэй.
2.Миний бодлоор бахархал бол бахархаж байгаа гэсэн үг.
3.Ээжтэйгээ хамт байгаагаараа, онц авахаараа, гоё үсээрээ бахархдаг
Г.Санчир 6 настай
1. Чингис хаан бол Монголд байдаг хамгийн том хөшөө.
2. Бахархал гэж юу байдгийг би мэдэхгүй ч Чингис хаан амьд байсан бол их гоё байх байсан.
3. Аав ээжээрээ бас Алтанистанд /Афганистан/ цэргүүдтэй хамт байгаа Тулгаа ахаараа бахархдаг. Яагаад гэвэл надад гоё юм авчрах гэж байгаа болохоор тэр.
У.Мөнх-Эрдэнэ 9 настай
1. Чингис хаан бол Дэлхийн талыг эзэлж чадсан мундаг хүн.
2. Мэддэг чаддаг зүйлээ өөртөө итгэлтэй хийхийг бахархал гэнэ.
3. Дэлхийд Монголыг дайчин улс гэж таниулснаар нь Тэмүүжин хаанаар бахархаж байна.
Г.Номидарь 8 настай
1. Чингис хааныг хөшөөг харж байсан гоё том хүн байсан. Бидний төлөө их юм хийж зүтгэж явсан хүн.
2. Эзэнт гүрнээ аврах гэж явсанд нь миний бахархал төрсөн.
3. Ээжийгээ Солонгосд очиж миний төлөө ажиллаж байгаагаар нь би бахархдаг. Бас эмээгээ ээж ах эгч биднүүсийн төлөө ажиллаж байгаад нь бахархдаг. Надад бахархдаг зүйл зөндөө олон байдаг.
Х.Болд 7 настай
1. Эрт дээр үеийн хаан. Одоогийнхоор бол Элбэгдорж л байхгүй юу?
2. Бахархал бол миний хайртай бүхэн юм.
3.Миний бахархал бол аав, ээж, хөөрхөн дүү минь. Монголын шилдэг багшаар хичээл заалгаж, Монголын шилдэг сургуульд сурч байгаагаараа бахархдаг.







