
Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь холимог металлын Улааны орд газрыг ашигладаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинь шинь” компанийн уурхайд хүний амь үрэгдлээ. Орон нутгийн эх сурвалжийн мэдээлснээр тэнд ажилладаг, дээрх сумын харьяат 25 настай О гэх залуу энэ сарын 30-нд далд уурхайд ажиллаж байгаад хүнд даацын “Jiefang” маркийн автомашинд дайруулж газар дээрээ амиа алджээ.
Уг нь хууль журамдаа бол далд уурхайг хүлээн авах улсын комисс ажиллаж, акт үйлдсэний дараа ажиллах ёстой. Гэтэл “Шинь шинь”-ийнхэн уурхайн барилгыг улсын комисст хүлээлгэн өгснөө Уул уурхайн улсын комисст өгсөн гэж тооцдог юм уу, үйл ажиллагаа явуулж байгаа гэж эх сурвалжууд хэлдэг. Ингэж хууль зөрчин үйл ажиллагаа явуулснаас болж хүний амь эрсдэв. Үүнээс өмнө бас нэгэн монгол залуу энэ уурхайд ажиллаж байгаад хүнд гэмтсэн аж.
“Шинь шинь”-ийнхэн Монголын хууль тогтоомжийг удаа дараа уландаа гишгиж, байгаль орчныг бохирдуулдаг ч хууль сахиулах байгууллагынхны тусламжтайгаар хэргээс мултраад хэвшчихсэн. Хамгийн сүүлд гэхэд уурхайн Хаягдлын далан нь цоорч, химийн хорт бодистой ус байгальд хаягдаж байгаа талаар иргэдийн гомдлын дагуу гурав дахь удаагаа эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.
Гэтэл Дорнод аймгийн цагдаа, прокурорын байгууллагынхан байгаль орчныг нь бохирдуулсан нөхцөл байдал үүсчихээд байхад уурхайн үйл ажиллагааг бүрмөсөн биш юмаа гэхэд түр зогсоон хэргээ шалгахгүйгээр үл барам компанийн удирдлагын хилээр гарахыг хориглосон тогтоолыг цуцлан явуулсан нь ямар нэг ашиг сонирхол байна гэсэн хардлага нутгийн иргэдийн дунд төрүүлж буй юм.