
Эрчим хүчний зохицуулах хорооноос төвийн бүсийн нэгдсэн сүлжээний гэр хорооллын хэрэглэгчдийн цахилгааны шөнийн тарифыг 50 хувь хөнгөлөх шийдвэр гаргаж, өчигдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооны ажлын албаны дарга Х.Эрдэнэчулуунаас тодрууллаа.
-Цахилгааны хөнгөлөлтийг бүх өрх эдлэх боломжтой юу?
-Агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын айлуудыг цахилгаан халаагуур хэрэглэхийг дэмжих зорилгоор төвийн бүсийн гэр хорооллын айл өрхийн шөнө хэрэглэсэн цахилгааны төлбөрийг 50 хувь хөнгөлөх шийдвэрийг өнгөрсөн онд манай хороо гаргасан.
Улмаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-нээс гуравдугаар сарын 1 хүртэл хөнгөлөлт үзүүлсэн. Харин өнөө жил хөнгөлөлт үзүүлэх хугацааг нэг сар урагшлуулж буй.
-Өмнө нь хэрэгжүүлж байгаад больсон байх аа.
-Агаарын бохирдлыг бууруулах сан энэ асуудлыг хариуцдаг байсан. Чухам ямар шалтгаанаар зогсоосныг нь мэдэхгүй байна.
-Өдөр, шөнийн тарифт тоолууртай өрх л хөнгөлөлтөд хамрагдах уу?
-Тийм. Ийм тоолуургүй бол харьяа цахилгаан түгээх төвдөө хандан, тавиулж болно.
-Хэчнээн өрх ийм хөнгөлөлтөд хамрагдах вэ?
-Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнээс цахилгаан авдаг 15 аймгийн 250 мянга гаруй өрх энэ хөнгөлөлтийг эдэлнэ. Ингэхдээ цахилгаан халаалт залгах шаардлагатай хүйтний улиралд буюу энэ сарын 1-нээс 2017 оны гуравдугаар сарын 31 хүртэл 21.00 цагаас 06.00 цагийн хооронд хэрэглэсэн эрчим хүчний үнийг 50 хувиар хөнгөлүүлэх боломжтой юм.
-Цахилгааны ачаалал ихтэй хэсгийн өрхүүдийг энэ хөнгөлөлтөд хамруулах уу?
-Төвийн бүсийн нэгдсэн сүлжээ нь эрчим хүчний нийт хэрэглээний 94 хувийг хэрэглэдэг. Иймээс эрчим хүчний хэрэглээ өндөртэй өрхүүд хамрагдаж байна гэж ойлгож болно.
-Эрчим хүчний байгууллагуудын төсөвт энэ нь яаж нөлөөлөх вэ. Хөнгөлөлтийн 50 хувийг яаж төлөх юм бэ?
-Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний тарифт тоолууртай гэр хорооллын хэрэглэгчид нэг кВт/ цаг эрчим хүчийг 77.10 төгрөгөөр тооцож худалдан авдаг байсан бол энэ үнийг 50 хувь хөнгөлснөөр 38.55 төгрөг болно. Бид хөнгөлөлт эдлүүлэх сард нийтдээ 5.3 тэрбум төгрөг зарцуулна гэсэн тооцоо гаргаад байна.
Энэхүү хөнгөлөлтийг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс мөнгө гаргахгүй. Эрчим хүчний компаниуд ашигтай ажилласан учир хөнгөлөх бүрэн боломжтой гэж үзэж буй.