
Сэлэнгэ мөрний хөвөөн дээр барьж буй Шүрэнгийн усан цахилгаан станцаа ашиглалтад оруулахын тулд монголчууд Япон, БНСУ, Норвегиэс туслалцаа хүсэхэд бэлэн байна хэмээн хойд хөршийн “Тайга.инфо” сайтад саяхан гарсан нэгэн нийтлэлд дурджээ. БНХАУ-ын талаас хөрөнгө оруулалтаа зогсоосны улмаас уг төсөл зогсонги байдалд орсон юм. Гэхдээ үүний цаад шалтгаан нь ОХУ-ын эрх баригчид болон олон нийтийн байгууллагуудын эсэргүүцлээс үүдэлтэй гэж үздэг.
“Хил хязгааргүй гол мөрөн” олон улсын байгууллагын зохицуулагч Евгений Симоновын ярьж буйгаар Орос-Монголын хооронд энэ талаар тодорхой гэрээ байгуулсан ч төслийг одоогоор үргэлжлүүлэх боломжгүй байгаа гэнэ. Мөн хоёр талын гэрээтэй, бэлтгэл ажлыг гүйцэтгэгч Хятадын “Гэжоуба” компанийн ажил тодорхойгүй шалтгааны улмаас зогсчихоод байгаа аж.
Тус нийтлэлд дурдсанаар ОХУ-ын зүгээс ЮНЕСКО, Дэлхийн банкны оролцоотойгоор тус бүс нутагт байгаль орчны үнэлгээ хийлгэхээр төлөвлөж буй бол харин Монголын Засгийн газар царцанги байдалд орсон төслөө ажил хэрэг болгохын тулд гуравдагч орнуудаас санхүүгийн тусламж авах гарц хайж эхэлжээ.