
Ширээний доор бүтээлэг, ор хөнжлийн даавуугаар хөшиг татан, "тусдаа гарч" үзээгүй хүн ховор биз. Өөрийн гэсэн орон зайг үүсгэх сонирхол хүүхэд бүрт байдаг. Харин эл хүслийг нь гүйцэлдүүлэхийн тулд тоглоомын дэлгүүр, худалдааны төвүүдээр майхан хайж, онлайн дэлгүүрээс 40-50 мянган төгрөгөөс доошгүй үнэтэй майхан худалдан авах шаардлагагүй.
Бид танд гарын доорх материалаар хүүхдүүддээ майхан хийж өгөх хялбар аргыг танилцуулъя.
Хэрэглэгдэх зүйлс:
- Майхны дээврийн чимэглэл. Үүнд та өөрт байгаа материалаа ашиглах боломжтой. Эмжээр, тууз байхгүй бол байгаа даавуугаа хэлбэр гарган хайчлаад эмжээрлэсэн ч болно.
- Майхны их биеийг хийх материал. Том майханд 5.5 метр, жижиг майханд 3.5 метр даавуу байхад хангалттай.
- Майхны дээвэр хийх материал. Уг материалын хэмжээ нь та майхнаа хэр өргө байлгахаар төлөвлөж буйгаас хамаарна.
- Наалддаг тууз
- Цагираг
- Тавтай зүү
- Хайч
- Харандаа
- Оёдлын машин
Хийх заавар:
1. Майхны их биеийг хийх материалаа 1.7-1.8 метр өндөр байхаар хайчлан бэлтгэж, уртааш зүйж оёно. Ингэхдээ даавууныхаа хээг тааруулахаа бүү мартаарай. Мөн эмжээр хэсгийг нугалж, хөврөхгүй болохоор оёж бэлтгэнэ.

2. Майхны эмжээрээ хийе. Ингэхдээ 20 см-аас багагүй өргөнтэй даавуун дээр шүд хэлбэртэй хээлэн зурж, зураг дээрх байдлаар хайчилж, бэлтгэнэ. Эмжээрийн урт цагирагийн тойрогтой ижил хэмжээтэй байх ёстойг мартав аа. Эмжээрийг биетэй байлгахын тулд даавуугаа давхарлах нь зүйтэй.

3. Эмжээрээ давхарлахдаа даавууны шүд бүрийг тааруулан байрлуулаад, тавтай зүүгээр хатгаж, бэхлэх шаардлагатай. Ингэж бэхэлж, хөдөлгөөнгүй болгосны дараа давууныхаа амсар хэсгээс 0.5-0.6см зайтай дарж оёно.

4. Оёж бэлдсэн эмжээрээ индүүдээрэй.

5. Одоо харин майхнаа өлгөх оосор бэлдье. Мэдээж оосрын урт нь таны майхнаа байрлуулах өрөөний өндрөөс хамаарна. Дунджаар 110-120 см урт, 5 см өргөн даавуугаар оосор хийх нь тохиромжтой байдаг. Оосор хийх даавуугаа давхарлан амсрыг нь дарж оёсны дараа мөн л индүүднэ.

6. Майхны дээврийн хийхийн тулд бидэнд зурагт үзүүлсэн шиг 8 ширхэг гурвалжин даавуу хэрэгтэй. Хэмжээ нь таны бэлдсэн цагирагтай тохирох ёстойг битгий мартаарай. Дээвэр хийх гурванжин даавууны урт нь цагирагийн диаметрийн 3/4-тэй тэнцэхүйц байхад хангалттай.
7. Ингээд дээврийн даавуунуудаа оёхдоо эхлээд дөрвийг зүйж оёно. Нийт найман ширхэг гурвалжинг дөрөв, дөрвөөр зүйж оён хоёр хэсэг болгосны эцэст нийлүүлж оёх нь тохиромжтой.

8. Ингээд бэлдсэн дээврийн даавуун дээрээ цагирагаа байрлуулаарай. Дээврийн даавуу илүү гарах нь харин ч зохимжтой. Илүү гарсан ирмэг хэсгээр цагирагийг бүрж оёвол цэвэрхэн харагддаг.

9. Харин одоо эмжээрээ майхны их биетэй нийлүүлж оёоорой.
10. Эцэст нь майхны их биеийг дээврийн хэсэгтэй нийлүүлнэ. Ингэхдээ та хөдөлгөөнгүй байхаар оёж, эсвэл гогцоо төмөр, наалддаг туузаар наах гээд хүссэнээрээ хийх боломжтой. Эцэст нь майхныхаа дотор дэр тавьчихвал бүр ч тохь тухтай болчихно.


