
“Эрдэнэт үйлдвэр” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн (ТУЗ) даргаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын (ЗГХЭГ) дэд дарга У.Бямбасүрэнг томилжээ. Мөн хувьцаа эзэмшигчид тус компанийн ерөнхий захирал болон ТУЗ-ийн даргыг Засгийн газраас дөрвөн жилийн хугацаагаар томилох тохироонд хүрсэн байна. 49 хувийг эзэмшигч “Монголын зэс” компанийн талаас уг албыг хаших хүнийг хоёр, хоёр жилийн хугацаагаар ээлжлэн тавих саналыг өмнө нь гаргаж байсан юм.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн ТУЗ долоон гишүүнтэй байхаар тогтсон бөгөөд 51 хувийг дөрөв, 49 хувийг гурван хүн төлөөлөх аж. Тухайлбал, Засгийн газраас ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, Сангийн яамны газрын дарга Б.Доржсэмбэд “Монголын зэс”-ээс тус компанийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар, “Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүн асан Да.Ганболд, Худалдаа, хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон нар багтаж буй юм.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Ням-Осор “Төрийн өмчит томоохон компанийн удирдлагыг сонгохдоо ЗГХЭГ-аас чиглэл авдаг. Энэ дагуу У.Бямбасүрэн ТУЗ-ийн дарга боллоо” хэмээн ярив.
У.Бямбасүрэн өмнө нь МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллагын (МАСЗХ) ерөнхий нарийн бичгийн дарга, НХХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Аливаа компанийн дэргэд гурван хороо байдаг. Компанийн тухай хуулийн дагуу аудитын хорооны гишүүдийг цөөнх томилох эрхтэй аж. Үүнээс гадна нэр дэвшүүлэх хороог 49 хувийг эзэмшигч тал, харин цалин урамшууллынхыг Засгийн газар бүрдүүлэх гэнэ.
Ц.Ням-Осор “Цаашид орлогч захирлын томилгоог хийх учир нэр дэвшүүлэх хорооны гишүүдийг 49 хувийг эзэмшигч тал сонгох нь зөв” гэлээ. Удахгүй ТУЗ нь хуралдаж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлыг томилох аж. Ингэхдээ 66-аас дээш хувийн буюу ТУЗ-ийн долоон гишүүний тавынх нь саналыг авах ёстой гэнэ. Ерөнхий захирлыг томилох асуудлыг ТУЗ нь өнөөдрөөс эхлэн хэлэлцэх юм байна.