
Шинжлэх ухааны академи (ШУА) ээлжит их чуулганаа аравдугаар сарын 13-нд хийж, тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэлийг ерөнхийлөгчөөрөө сонгосон юм. Тус академийн гишүүдийн энэ сонголтыг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хүлээн авч, ШУА-ийн ерөнхийлөгчөөр Дүгэрийн Рэгдэлийг батламжилжээ.
Уг батламжийг БСШУС-ын сайд Ж.Батсуурь өчигдөр Д.Рэгдэлд гардуулан өглөө. Д.Рэгдэл 1951 онд Говь-Алтай аймгийн Бигэр суманд төржээ. 1976 онд ЗХУ-ын Харьковын их сургуулийг биохимич мэргэжлээр төгсөж, 1985 онд ХБНГУ-ын Гумболдтын их сургуульд доктор, 2001 онд “Липоксигеназууд, нийтлэг шинж, өвөрмөц онцлог” сэдвээр химийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ.
Тэрбээр ШУА-ийн Хими болон Физикийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, Хими, хими технологийн хүрээлэнд лабораторийн эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2001-2009 онд ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2009 оноос ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. 2002 онд ШУА-ийн гишүүнээр сонгогдсон түүнд 1996 онд Монгол Улсын Төрийн соёрхол, 2006 онд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртээжээ.