
Эх орноосоо явж, харь улсын иргэн болох шийдвэр гаргах амаргүй нь мэдээж. Энэ бол хувь хүний эрхийн асуудал боловч тийм шийдвэрт хүрэх болсон олон шалтгаан байгааг үгүйсгэхгүй ч, төрснөөсөө нүүр буруулахыг бас зөвтгөмгүй. Олон зүйл нуршсаны учир нь, энэ он гарснаас хойш 307 иргэн Монгол Улсын харьяаллаас гарч, иргэншлээ солих хүсэлтээ Гадаадын иргэн харьяатын газарт ирүүлсэн байна. Харин манай улсыг сонгон, монгол хүн “болох” хүсэлтэй гадаадын 20 иргэн мөн иргэншлээ сэргээх хүсэлтэй 23 хүн тус газарт мөн ханджээ.
Монголын иргэншлээс татгалзсан иргэдийн олонх гадаадын иргэнтэй гэр бүл болсон хэмээх шалтгаантай бол үр хүүхдүүдийнхээ боловсролд анхаарахаар нутгаа орхих хүн ч нэлээд байна. Зарим нэг нь эрүүл мэндийн таатай үйлчилгээ авахад Монголд хүндрэлтэй гэсэн бол олон улсын тэмцээн, уралдаанд эх орныхоо нэрийн өмнөөс оролцоход мөн л “асуудалтай” хэмээн үзэж гадаадын иргэн болох хүсэлт гаргасан хүн ч байна. Юутай ч, дээрх 307 хүний хүсэлтийг Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Ерөнхийлөгчийн тамгын газар хянан хэлэлцэнэ. Дараа нь Ерөнхийлөгчид танилцуулан, шийддэг юм байна.