
Улсын ерөнхий прокурор, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг хууль бусаар хөрөнгөжсөн байж болзошгүй үндэслэлээр АТГ-ынхан шалгаж эхэлсэн тухай мэдээлэл бидэнд ирлээ. Энэ талаар тус газрын эх сурвалжаас лавлахад “Одоогоор ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй” хэмээн утсаа салгав. Эх сурвалжуудын мэдээлснээр УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжингийн нэг удаа олон нийтийн сүлжээнд дэлгэсэн “4000 ам.доллартай холбоотой гүйлгээ. “Содон” хорооллыг барьж буй компаниар дамжуулсан өөр бас бус гүйлгээнүүдийг шалгахын тулд өнгөрсөн долоо хоногт “Голомт” банкнаас хуулга, баримт гаргуулж авсан сурагтай.
Прокурорын байгууллагынхнаас энэ талаар лавлахад ямар нэг мэдээлэл өгөхөөс эрс татгалзав. Гэхдээ тус байгууллагынхны дунд “Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг шалгах тухай яриа аль эрт байсан. Түүнтэй хамт прокурорын байгууллагад дээгүүр алба хашиж байсан өөр хүмүүс ч шалгуулна гэсэн “бор шувуу” нэлээд эрт ниссэн дээ. Баттай эсэхийг цаг хугацаа харуулах биз” гэсэн яриа байгаа юм.
Уг мэдээллийг үнэний ортой гэж ярих хүмүүс байгаа ч тодорхой мэдээлэл өгөх хүн олдсонгүй. Тиймээс АТГ-ынхан албан ёсны мэдээлэл өгч байж л Улсын ерөнхий прокурор, Хууль зүйн сайдын албыг хашиж асан Д.Дорлигжавыг шалгаж эхэлсэн, эсэх нь тодорхой болох нь.