
Францын нийслэл Парис хотын Сэйнэ Сэйнт Дэнис дүүрэгт амьдардаг нэгэн монгол эмэгтэй өнгөрсөн аравдугаар сарын 31-нд биедээ олон тооны мэсний шархтай нас барсан аж. Талийгаач 59 настай байсан бөгөөд тэрбээр өөрөөсөө 14 насаар дүү эрийн хамт амьдардаг байж.
Эх сурвалжийн мэдээлснээр болсон явдлын талаар анх түүний хамтран амьдрагч нь хөршүүддээ мэдэгджээ. Тэрбээр хүзүү болон гарын шуундаа мэсний шархтай хөршийндөө очиж, “гэртээ байхад нь хүмүүс дайран орж, халдлаа” хэмээн тусламж хүссэн гэнэ.
Хөршүүд нь цагдаагийн байгууллагад хандсан аж. Парис хотын цагдаагийн газрынхан эмэгтэйн үхлийн шалтгааныг тодруулахаар ажиллаж буй гэнэ. Ингэхдээ талийгаач болон түүний хамтран амьдрагч нар халдлагад өртсөн үү, эсвэл хоорондоо маргалдаж нэгнийхээ аминд хүрсэн үү гэдгийг шалгаж байна.
Учир нь, цагдаагийн албан хаагчдыг хэргийн газарт очиход талийгаач эмэгтэйгээс гадна хэргийг мэдээлэгч мөн ийм шархтай байсан учир хоорондоо маргалдаж, нэгнийхээ аминд хүрсэн байж болзошгүй хэмээн үзжээ.