
Их нартын байгалийн нөөцийн газрын хамгаалалтын захиргааны дарга С.Амгаланбаатар АНУ-ын Денверийн Зоологийн сангаас олгодог байгаль хамгаалах салбарын олон улсын 2016 оны шагналыг хүртжээ. Тэрбээр аргаль хонины судалгааг үндэсний хэмжээнд хийж ирсэн бөгөөд 20-иод жилийн өмнөөс Денверийн Зоологийн сантай хамтран, говийн аргальд дохиололтой хүзүүвч зүүн судалж эхэлсэн нь дэлхийд анхны ажил болжээ.
Их нартын байгалийн нөөц газарт өдгөө 200 гаруй аргаль, 50 гаруй янгир ямаанд радио телеметр, GPS болон сансрын дохиологч зүүгээд буй төдийгүй судалгааны ажил одоо ч үргэлжилж буй. С.Амгаланбаатар болон түүний багийнхан Их нартын байгалийн нөөц газрыг менежментийн гэрээгээр хариуцан хамгаалж байгаа нь төрийн бус байгууллага төрийн чиг үүргийг тусгай хамгаалалттай газрын сүлжээнд амжилттай хэрэгжүүлж болохыг харуулсан тод жишээ болж байна.
Энэ ажлыг хэрэгжүүлэхэд нь БОАЖЯ, Дорноговь аймгийн ИТХ, ЗДТГ болон Денверийн Зоологийн сан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, эгч дүүгийн харилцаатай Анза Боррего цөлийн парк (АНУ, Калифорни муж улс) бодитой дэмжлэг үзүүлж буй нь амжилттай ажиллахын үндэс болсон гэж тэрбээр ярилаа.
1997 оноос эхлэн Денверийн Зоологийн сан 10-аас олон жил зэрлэг амьтныг хамгаалах, судлах ажилд үр бүтээл гаргасан хүнийг сонгон, жилд нэг хүнд энэхүү хүндтэй шагналаа олгож ирсэн байна. Энэхүү шагналыг өмнө нь биологчид, улс төрийн шинжээчид, амьтны эрхийг хамгаалагчид авч байжээ.