
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь Бичигт боомтоор БНХАУ руу амьдаар нь хил гаргах гэж байсан 1000 орчим адуу эхнээсээ өлдөж үхэж буй мэдээлэл оны өмнө шуугиан тарьсан. Адууг амьдаар нь хил гаргахгүй байх шийдвэрийг Шадар сайд У.Хүрэлсүх гаргаснаар тэдгээр адууг Улаанбаатар хотын “Эмээлт” захад авчран нядалгаанд оруулахаар болсон билээ.
Сүлдэндээ дээдэлдэг монгол адуу ингэж зовж тарчилж буйг үл тэвчсэн “Тэнгэрийн чоно” төрийн бус байгууллагынхан “Эмээлт”-д буй адуунаас хоёрыг нь худалдан авчээ. Энэ талаар тус төвийн тэргүүн Б.Болдбаатараас тодрууллаа.
-Адуу худалдан авах санааг та гаргасан уу?
-Бичигт боомтод өлдөж үхэж байгаа адууг “Эмээлт” захад авчирсныг сонсоод худалдан авахыг моринд хайртай монголчууддаа уриалсан юм. Энэ уриалгыг маань олон хүн дэмжиж, гадаадад байгаа монголчууд хүртэл “Морь худалдан ав” гээд мөнгө явуулсан.
Нэг адууг 700 мянган төгрөгөөр зарна гэхээр нь 2.1 сая төгрөгтэй гурван морь авахаар очиход “Нэгийг нь сая төгрөгөөр зарна” гэсэн. Гуйж байгаад 1.8 сая төгрөгөөр хоёр морь авсан. Өнөө өглөө (өчигдөр) шарга үрээ авах гээд очиход “Нэг ч адуу зарахгүй” гээд өгөөгүй.
-Таныг очиход хэчнээн адуу, ямархуу байдалтай байв?
-100-гаад адуу байсан. Зарим гүү хээл хаяж, олон хоног өл хоолгүй явсан морьд эцэж туйлдсан байна лээ. Хоёр хятад, хоёр монгол хүн байсан. Монгол адуу харийн хүний гарт харгисаар үрэгдэх явдал үүгээр эцэслээсэй гэж хүсэж байна.
Тэдгээр адууг харгалзан Бичигт боомтоос “Эмээлт”-д авчирсан Т.Баяраатай холбогдлоо.
-Хэдэн адуу нядалгаанд өгөөд байна вэ?
-“Эмээлт” захад авчраад зарахыг нь зараад, нядлаад дууссан. Одоо надад нэг ч адуу байхгүй.
-100-гаад адуу байгаа хэрнээ худалдаж авах гэхээр зарахгүй байна гэх юм. Нэг ч гэсэн адуу амьд үлдвэл дээр биш үү?
-Хоёр адуу зарсан. Одоо байхгүй юм чинь яаж зарах билээ. Банкнаас зээл авч, ломбардад эд зүйлээ тавиад малчдаас адуу худалдан авч, хил гаргахын даваан дээр хориглосон шийдвэр гаргасан. Үүнээс болж хүн, малгүй хохирлоо. Хоёр улсын компаниудын гэрээгээр Засгийн газраас олгосон квотын дагуу хилээр адуу гаргах гэж байсан. Эдгээр адуу миний өмч шүү дээ.
Гэтэл засгийн шийдвэрээс болж, өрөнд орчихлоо. Нэг адууг 600 мянган төгрөгөөр худалдан авч, нэмж тээврийн болон өвс тэжээлийн зардал гаргасан. Тийм байж нэг адууг 700 мянган төгрөгөөр худалдах нь надад ашиггүй.