
ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрын таван албан хаагч уушийн газарт хүн зодож гэмтээжээ. Баянгол дүүргийн нутаг дахь “Дурсахуй” гэх бааранд арванхоёрдугаар сарын 28-ны үдэш дээрх таван офицер нийлж, хохирогчийг зодсон аж. Зодоон чухам юунаас болж гарсныг тодруулахаар тус дүүргийн Цагдаагийн I хэлтсийн ажилтнууд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэнэ. Удахгүй харьяаллын дагуу Мөрдөн байцаах газрын Тусгай субъектийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шилжүүлэх аж.
Төрийн тусгай албаныхан хэдийгээр бусадтай л адил наргиж цэнгэх эрхтэй ч албаныхаа нэр хүндэд харшлах үйлдэл гаргах ёсгүй билээ. Гэвч тэдэнтэй холбоотой хүн зодсон, аминд нь хүрсэн тохиолдол нэг бус. Тухайлбал, дээрх явдлаас хэдхэн хоногийн өмнө Төрийн тусгай хамгаалалтын газрын эрх бүхий албан тушаалтнууд танхайрч, дуудлагаар ирсэн цагдаагийнхныг машинаараа дайрах шахсан хэмээн хэвлэлд мэдээлж байв. Түүнээс өмнө буюу 2015 онд ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрынхан мөн л наргиж яваад Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн ахлагчийн аминд хүрч, дээрх газрын гурван албан хаагч шүүхээр ял шийтгүүлсэн юм.