
Нийслэлийн “Өргөө” амаржих газрын Эмэгтэйчүүдийн мэс заслын өрөөний тааз нурсан талаар 2016 оны аравдугаар сарын 7-нд тус эмнэлгийн удирдлагууд хэвлэлийнхэнд мэдээлж байсан билээ. Тухайн үед азаар хүний амь эрсдээгүй ч нийт 69.5 сая төгрөгийн өртөг бүхий тоног, төхөөрөмж эвдэрч, эмнэлэг мэс засал хийж чадахгүйд хүрч, төлөвлөгөөт 20 гаруй мэс заслыг цуцалсан гэдэг.
Тус өрөөг “Центро гоулд” ХХК-ийн 7.2 сая төгрөгийн буцалтгүй тусламжаар 2013 оны нэгдүгээр сард барьсан бөгөөд гүйцэтгэгчээр нь “Цаст констракшн” ХХК ажиллажээ. Эмнэлгийн удирдлагууд чанаргүй материалаар барилга барьсан тус компаниас хохирлоо барагдуулахыг хүссэн ч өдий хүртэл нэг ч төгрөг өгөөгүй тул шүүхэд хандсан байна.
Нийслэлийн “Өргөө” амаржих газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Оюунбилэгээс энэ талаар тодруулахад “Нурсан өрөөнд дахин ямар ч мэс засал хийгээгүй, битүүмжилсэн. Одоогоор тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа. Шүүхийн шийдвэр гарахыг л хүлээж байна. Яаралтай мэс засал хийлгэх шаардлагатай хүмүүсээ бид ЭХЭМҮТ рүү явуулж, энгийн мэс заслаа эмнэлэгтээ хийж байгаа” гэв. Харин “Цаст констракшн” ХХК-ийнхантай холбогдох гэсэн боловч утсаа авах хүн байсангүй.