
Баянгол дүүргийн XX хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Жагоб” ХХК-ийн хашаанд 2015 оны гуравдугаар сарын 26-нд үйлдвэрлэлийн осол гарч, өргөгч цамхгийн суманд хүн дарагдаж нас барсан юм. Нэг бүр нь 920 кг жинтэй төмрийг хүнд даацын машинаар зөөж авчраад, өргөгч цамхгаар шилжүүлэн буулгах үед “48-61 УБА” улсын дугаартай “Камаз” машинд суурилуулсан краны сум нь хугарч жолооч Б дарагдсан аж.
Өргөгч цамхгийн жолооч С.Төвшинтөрийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Ачаа өргөх, краныг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас хүний амь хохироосон хэмээн Баянгол дүүргийн Прокурорын газраас буруутгасан байна.
С.Төвшинтөр нь кранистын үнэмлэхээ сунгуулаагүй, өргөгч цамхаг суурилуулсан “48-61 УБА” улсын дугаартай “Камаз” маркийн автомашиныг үзлэг оношилгоонд оруулаагүй, оосорлогч, дохиочингүйгээр очиж, ачааг өргөж шилжүүлэн буулгасан нь хавтаст хэрэгт цуглуулсан нотлох баримтаар тогтоогджээ. Баянгол дүүргийн шүүх уржигдар энэ хэргийг хэлэлцжээ.
Шинжээчийн дүгнэлтээр “Өргөгч цамхгийн хүрдэнд хүчний ачаалал ирж, боолтууд тасраад, шалаанз автомашины тэвш, кабины хооронд зогсож байсан жолооч Б-г дарсан” гэж үзсэн байна. Ингээд түүнд 138.2-т заасны дагуу гэм буруутайд тооцсон бол төмөр зөөж авчруулсан Ж.Гомбосүрэнд хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр гурван жил зургаан сар хорих ял шийтгэсэн аж.
Улмаар тэднийг 2015 онд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хэргийг нь хэрэгсэхгүй болгож, өршөөн хэлтрүүлжээ.