

Монгол Хятадын нийгмийн хөгжлийн сангаас санаачлан Монгол дахь Хятад цагаач иргэдийн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулдаг “Дулаан өвөл” төсөл дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзлээ. Төслийн зорилго нь жил бүр амьжиргааны түвшнээс доогуур орлоготой монгол болон хятадын цагаач айл өрхөд хүнсний болон эд материалын тусламж үзүүлж, ард иргэдийн амьжиргааг сайжруулж, мөн Монгол, Хятадын нийгмийн хөгжил болон найрамдалт харилцаанд найрсаг байдлыг бий болгоход чиглэгдэж байгаа аж.
Энэ удаагийн “Дулаан өвөл” төсөлд нийт 105 айл өрх хамрагдаж байгаа бөгөөд цагаан будаа, гурил, ургамлын тос, элсэн чихэр зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний 13 сарын хэрэглээг тусламж болгон хандивлалаа.

Тус арга хэмжээний үеэр Монгол Хятадын Нийгмийн Хөгжлийн сангийн УЗ-ийн дарга Дай Шингжүн хэлэхдээ “Монгол Хятадын нийгмийн хөгжлийн сан нь 2014 онд Bank of china Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газраас санаачлан Монгол дахь Хятадын хөрөнгө оруулалттай байгууллага болон хувь хүмүүсийг нэгтгэсэн байгууллага юм.
Сан маань байгуулагдсан цагаасаа эхлэн монгол болон хятад цагаач айл өрхүүдэд “Дулаан өвөл” төслөөрөө дамжуулан дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэн.
Энэ удаагийн төслийг сангийн УЗ-ийн 2016 оны аравдугаар сарын хурлаар шийдвэрлэсэн бөгөөд нийслэлийн 9 дүүрэг тус бүрээс иргэдийн мэдээллийг аван, айл тус бүрээс явж үзэн тусламжийн хэмжээ, төсөлд хамрагдах айл өрхийг сонгосон. Өнөөдрийн арга хэмжээнд энэхүү айл өрхийг төлөөлж буй иргэд өөрсдийн тусламжийн бараагаа авч явсан бол үйл ажиллагаанд хүрэлцэн ирэх боломжгүй айл өрхөд бид өөрийн биеэр хүргэж өгөхөөр болсон юм.
Мөн энэ удаагийн төсөлд нийт 20 гаруй байгууллага хандив өгсөн бөгөөд Монгол дахь Хятадын цагаач иргэдийн холбоо болон Монгол дахь Хятад цагаач эмэгтэйчүүд хүүхдийн эрхийг хамгаалах нийгэмлэг, Хүсэл сэтгэлийн илч нийгэмлэг, мөн Улаанбаатар хотын Засаг даргын тамгын газар дэмжлэг туслалцаа үзүүлсэнд бид маш их талархаж байна.
Үүнээс гадна 2014 онд Улаанбаатар хотын есөн дүүргийн 1-2 дугаар ангийн 3014 хүүхдэд өвлийн дулаан хүрэм бэлэглэсэн бөгөөд нийт хандивын хэмжээ 1.3 сая юаньд хүрсэн байгаа. Ер нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Монгол Хятадын нийгмийн хөгжлийн сангийн “Дулаан өвөл” төсөлд 3328 айл өрх хамрагдаад байгаа ба энэхүү төслийг хэрэгжүүлснээр хоёр улсын найрсаг харилцаанд их хэмжээний хувь нэмэр оруулж байгаа хэмээн бодож байна” гэсэн юм.
Мөн Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн халамжийн хэлтсийн мэргэжилтэн Х.Энхжаргал “Дулаан өвөл” төсөл хэрэгжиж эхлээд 2014 онд 27 өрхөд тусламж үзүүлж, 3014 хүүхдэд өвлийн дулаан хүрэм бэлэглэж байсан бол 2015 онд өрхийнхөө тоог нэмэгдүүлэн 55 өрхөд бодит тусламж үзүүлж байжээ. Харин 2016 онд 133 өрх болж нэмэгдүүлжээ. Нийт 3328 өрхөд 5.4 сая юанийн бодит тусламжийг үзүүлж байсан байна.
Энэ жил Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 12 өрх хамрагдаж байгаа. Ер нь манай дүүргийн хэмжээнд нэн ядуу буюу ядуу өрхөд 6500 орчим өрх бүртгэгдсэн. Эдгээр өрхийн амьжиргааг сайжруулахын тулд бид шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, 2016-2020 он хүртэл “Зорилтот бүлгийн хөгжил хамгааллыг сайжруулах” хөтөлбөрийн хүрээнд 42 өрхийг хөгжүүлэхээр ажиллаж байна. 2016 онд гэхэд 1000 гаруй өрхийг хөгжүүлэхээр сайн дурын нийгмийн ажлыг төрийн болон ТББ, ОУБ-ын дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжүүлсэн. Дээрээс нь олон сургалтыг зохион байгуулдаг. 2017 хувьд мөн 1000 гаруй өрхийг хөгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад явж байна” гэлээ.
Арга хэмжээ дууссаны дараа нийслэлийн есөн дүүрэгт ирж амжаагүй айл өрхөд тусламжийн барааг хүргэж өгөхөөр сангийн ажилчид замдаа гарсан юм. Тэдний хамгийн эхний айл бол Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд оршин суух н.Гомбынх байлаа.
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Б.Мөнхтуяа: “Манайх ам бүл долуулаа. Нөхөр маань арав гаруй жилийн өмнө Улаанбаатар хотод ирж суурьшсан. Харин би энд ирээд 6 жил болж байна. Манайх таван хүүхэдтэй. Том охин маань Салхитад байдаг 117 дугаар сургуульд сурдаг.
Нялх хүүхдүүдтэй болохоор би ажил хийж чаддаггүй, нөхөр маань л ажил хийж гэр бүлээ тэжээдэг. Заримдаа хоногийнхоо хоолыг арай ядан олох тохиолдол ч гардаг. Тиймээс Монгол Хятадын нийгмийн хөгжлийн сангийн үзүүлж буй тусламж дэмжлэг бол бидэнд үнэхээр их тус нэмэр болдог гэдгийг хэлмээр байна. Сангийн хамт олонд болон хорооныхоо Засаг дарга, нийгмийн ажилтнуудад маш их талархаж явдгаа хэлмээр байна.
Дашрамд дурдахад, тус сангаас 2015 онд Монгол ширээний теннисний шигшээ багийн тамирчид Хятад улс руу сургалтанд явахад 4000 юанийн тусламж үзүүлж, “Шинь Жун Чи” ХХК-иас Эрдэнэхайрхан сумын өвс тэжээлд зориулж 8 сая төгрөг хандивлаж байжээ.
Сангийн өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлыг цухас дурдвал,
- 2016 онд "Ээлтэй ертөнц" арга хэмжээг зохион байгуулж тархины саажилттай 20 хүүхдийн гэр бүлд 3 сая гаруй төгрөгийн тусламж үзүүлсэн,
- 2015 онд "SN-W" ХХК-иас Эрдэнэхайрхан сумын өвс тэжээлд зориулж, 8 сая төгрөг хандивласан.
- 2015 онд Нэгдүгээр сарын 11-ний хэргийн хохирогчдын ар гэрт 10 сая төгрөгийн мөнгөн тусламж,
- 2014 онд "Чайна Ситик" ХХК-иас хүүхдийн хавдрын эмнэлэгт 5.3 сая төгрөг зэргийг хандивлаж байжээ.