
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвийн зарим хэсэг усанд автсан. Мэдээж ийм нөхцөлд ард иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах арга хэмжээ авах нь орон нутгийн удирдлагын үүрэг. Дээрх сумын Засаг дарга И.Найманжин онц байдал тогтоох, дайчилгаа явуулах А/02 дугаартай захирамж гаргасныг уншигч та зураг дээрээс харж байна. Ерөнхийлөгчийг утаанд санаа зовж, сэтгүүлчдийг загнах бэлтгэлээ хийж байхад нь эрх мэдлийг нь сумын Засаг дарга булаачихлаа гэж ч хэлж болохоор байгаа юм.

Монгол Улсад онц байдлыг хэн зарлах вэ. Үүнийг хуульчилж өгсөн байдаг. 1995 онд батлагдсан Онц байдлын тухай хуулийн 5.1-д “Үндсэн хуулийн 25.2 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл УИХ-ын ээлжит болон ээлжит бус чуулган чуулж байх үед бий болсон бол УИХ онц байдал зарлах тухай асуудлыг Ерөнхийлөгч, Засгийн газар, эсхүл УИХ-ын нийт гишүүдийн дөрөвний нэгээс доошгүйн санаачилгаар хэлэлцэж шийдвэрлэнэ”, 5.3-т Үндсэн хуулийн 25.2 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл УИХ-ын чуулганы чөлөөтэй цагт бий болсон бөгөөд үйл явцын өрнөл нь онц байдал нэн даруй зарлахыг шаардаж байгаа хойшлуулшгүй тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгч онц байдал зарлах тухай зарлиг гаргана” гэж заажээ.
Хууль тогтоох дээд байгууллагаас ийнхүү хуульчилж, Монгол Улс даяар нийтээр дагаж мөрдсөөр атал Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг дарга И.Найманжин “том толгой гаргаж”, онц байдал зарлачихжээ. Засаг дарга өөрөө болон доод тушаалынх нь хүмүүс хууль, журмаа сайн мэддэггүй, бичиг баримт боловсруулах чадвар муу нь эндээс харагдаж байгаа юм.
Уг нь тэрбээр Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн холбогдох хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийг удирдлага болгон захирамжаа гаргажээ. Захирамжийнхаа нэг дэх хэсгийн “... айл өрх, гудамж хороолол усны үерт автсан учир ... түр онц байдал зарлаж...” хэмээжээ. Ийнхүү УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газраас том толгой гаргасанд төрийн түшээд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй байгууллагынхан ихэд дургүйцэж, сумын Засаг даргад хариуцлага тооцуулах санал ч гаргаж буй сурагтай.
Уг нь И.Найманжин дарга, түүний удирдлагад ажилладаг хүмүүс нь “... түр онц байдал зарлаж...” гэхийнхээ оронд “гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлж...” гэдэг ч юм уу, хуульд нийцсэн үг, өгүүлбэр бичсэн бол төрийн түшээд, цагдаа, тагнуул, онцгой байдлынхны амны бай болохгүй байлаа.