
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн 2016 оны үйл ажиллагааны тайлангаа өчигдөр танилцуулав.
Тэрбээр мэдээллийнхээ эхэнд “Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-нд Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар хилийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг 2017 оны хоёрдугаар сарын 1-нээс ХХЕГ-т буцаах болсон. Энэ нь бүтцийн том өөрчлөлт. Бид 2017 онд “Цахим иммигрэйшн” төсөл хэрэгжүүлнэ. Ингэснээр визтэй холбоотой бүхий л асуудал болон гадаадын иргэдийн оршин суух зөвшөөрөл зэргийг цахимаар шийдвэрлэнэ” гэж ярив. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-“Централ тауэрт” бөмбөг тавьсан гэж шуугиан тарьсан АНУ-ын иргэнийг албадан гаргасан уу?
-1965 онд төрсөн, АНУ-ын иргэн Түлэй Сийн Михайл гэгч гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан учраас хууль, хяналтын байгууллага шалган, хариуцлага тооцсон. Түүнийг нэгдүгээр сарын 10-нд Монголоос албадан гаргасан байгаа. Тэрбээр манай улс руу ОХУ-аар дамжин таван удаа орж ирсэн. Өмнө нь ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй.
-Хууль зөрчсөн гадаадын иргэдийг албадан гаргахдаа тухайн аж ахуйн нэгжид нь хариуцлага тооцдог уу?
-Аж ахуйн нэгжид захиргааны хариуцлага тооцон, мөнгөн торгууль ногдуулдаг. Дахин ажиллах хүч авчиръя гэвэл визийн зөвшөөрөл өгөхөөс татгалзах хүртэл арга хэмжээ авдаг.
-Зөрчил гаргасан, гэмт хэрэгт холбогдсон гадаадын иргэн манай улсад хэр олон байдаг вэ?
-Хууль зөрчсөн гадаадын иргэдийн бичиг баримтыг цагдаа, хүчний байгууллагаас манайд түр хадгалуулдаг. Бид гадаадын хөрөнгө оруулагчдыг Монгол Улсад татвар төлж буй, эсэхэд хяналт тавьдаг. Мөн манай улсад ажлын хэчнээн байр бий болгосон гэдэгт хяналт тавьж, визийг нь сунгах, эсэхийг шийддэг юм. Харин хар тамхины асуудалд холбогдсон гадаадын иргэнийг шууд албадан гаргадаг.
-Давхар иргэншлийн асуудалд танайх ямар байр суурьтай байна вэ?
-Монгол Улсын харьяат нэгэн зэрэг гадаад улсын харьяат байхыг хүлээн зөвшөөрөхгүй гэж Харьяатын тухай хуульд тодорхой заасан. Давхар иргэншлийн асуудлаар ГХЯ-нд ажлын хэсэг гарсан. Манай байгууллагынхан гадаадын 100 гаруй орныг судалж үзэхэд давхар иргэншлийг тодорхой хүрээнд хүлээн зөвшөөрдөг улс ч байдаг юм билээ. Гэхдээ энэ асуудлыг Харьяатын тухай хуульд өөрчлөлт оруулснаар шийднэ.