
- Нийслэлд энэ сарын 20-ныг дуустал согтууруулах ундаагаар үйлчлэхгүй –
Баянгол дүүргийн II хорооны нутаг, “Ногоон төгөл” хотхонд архи уусан хүмүүс уржигдар амиа алдсан нь өчигдрийн гол дуулиан боллоо. Тус хотхоны 73 дугаар байранд хоёр эрэгтэй, нэг эмэгтэй хүн нэг дор амиа алдав. Цагдаагийн байгууллагад ирсэн мэдээллээр тус хороонд оршин суух 49 настай А гэх эр Чингэлтэй дүүргийн харьяат 48 настай Т, Э нартай хамт архи уугаад өөр өөр орцонд, ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байжээ. Хэргийн газарт хийсэн үзлэгээр “Найрсаг” хэмээх архины шил хоёр, шил цэвэрлэгч “Гайхмаараа” нэртэй шингэн уусан байж. Эд мөрийн баримтаар шил, савнуудыг нь хураан аваад байгаа гэнэ. Мөн Сонгинохайрхан дүүргийн харьяат 55 настай Г Баянгол дүүргийн XIII хорооны нутагт амиа алдсан, дэргэдээс нь эд мөрийн баримтаар ”Бурхан халдун” гэх архины шил хураан авсан гэнэ.
Харин тав дахь хүн нь гудамжинд хорвоог орхисон байжээ. Тэд нас барахаасаа өмнө буюу энэ сарын 15-ны үдэш нийлж архидсан байх магадлалтайг эх сурвалжууд хэлж буй юм. Архи, элдэв зүйлд хордсон хүмүүсийг Хордлогын яаралтай тусламжийн төвд хүргэдэг. Тус төвд ойрын хугацаанд хэчнээн хүн хандсан, энэ сарын 16-17-нд архинд хордсон хүмүүс очсон, эсэхийг лавлахад “Талийгаач нараас нэг нь ч манайд ирж эмчлүүлээгүй. Өнөөдөр нэг ч хүн хандаагүй. Тэгэхээр тэд газар дээрээ амиа алдсан юм шиг байна” гэсэн юм.
.jpg)
Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтэс, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын эх сурвалжууд “Архиндаа хордоогүй, нэмж уусан шил арчигч шингэндээ хордсон байх магадлал өндөртэй байгаа. Учир нь 16-ны шөнө болон 17-нд нэмж хордсон, амиа алдсан хүн гарсангүй. Архинд хордсон бол өөр газруудад хордлогын шинж тэмдэг илрэх ёстой” гэсэн мэдээллийг өгөв. Даваа гаригийн орой энэ үйл явдалтай холбогдуулан шуурхай ажлын хэсэг байгуулж ажилласан бөгөөд архи согтууруулах ундаа үйлдвэрлэгчид, борлуулж буй газруудыг шалгаж эхэлсэн юм. Энэ тухай НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун өчигдөр “Хангарьд” ордонд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр “Архи, согтууруулах ундаа борлуулах 2959 дэлгүүр бий. Согтууруулах ундаагаар үйлчилдэг баар, ресторануудад шалгалт хийж байгаа. Нийт 7000 гаруй шил архийг битүүмжлээд байна” гэлээ.
Энэ онцгой нөхцөл байдалтай холбогдуулан НИТХ-ын Тэргүүлэгчид тогтоол гарган өчигдрийн 18.00 цагаас энэ сарын 20-ныг дуустал Улаанбаатарт архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хориглохоор шийдвэрлэсэн юм.
Мөн энэ үйл явдалтай холбогдуулан “Найрсаг” архийг үйлдвэрлэгч “Мөнхжин-Од” компанийн үйл ажиллагааг түр зогсоож, байрыг нь битүүмжилжээ. Баянзүрх дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мөнхжин-Од” компанийнхан 0.5 литрээр савласан “Найрсаг” архийг 3500 төгрөгөөр борлуулдаг байж.
Тус компанийнхан өмнө нь хуурамч архи үйлдвэрлэсэн, татвараас зайлсхийсэн хэрэгт ЭЦГ-т шалгуулж байгаад сураг чимээ алдарсан билээ. Тэд 2012 онд “Жем”, “Спирт бал бурам” компанийн үйлдвэрлэдэг архийг хуурамчаар хийж байсан бөгөөд спиртээ өмнөд хөршөөс оруулж ирсэн гэх дуулианд холбогдож байв. Хэдийгээр нэг бус удаа хууль зөрчсөн үйлдэлд холбогдож байсан ч тэдний үйлдвэрлэсэн архитай холбоотойгоор хүний амь үрэгдсэн бол эздийнх нь толгойг дахин илэх үү, яах бол. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр “Алтжин”-гийн Г.Алтангийн садан төрлийн хүн болох (эгч) Цэцэгдулам гэдэг хүний нэр дээр бүртгэлтэй компани гэнэ.
Хэрэв “Гайхмаараа” хэмээх шил арчигчийн шингэнд хордож нас барсан нь тогтоогдвол амиа алдагсдын хохь болж өнгөрөх магадлалтай. Энэ шингэнийг уугаад нас барсан тохиолдол 2013 онд гарч байсан. Шинэ оны өмнөхөн Дорнод аймагт хордлогоор нас барсан тохиолдол мөн л техникийн спирт уусантай холбоотой.
ШШҮХ-ийн шинжээчдийн эцсийн дүгнэлт хараахан гараагүй байгаа бөгөөд эд эсийн шинжилгээний хариунаас шалтгаалан хэргийн хувь заяа хаашаа эргэх нь шийдэгдэх юм. Архинд хордож олноороо нэг дор нас барах явдал тэр бүр гардаггүй ч ганц нэгээрээ хорвоог орхих тохиолдол он гарснаас хойш мэр сэр байсаар. Тиймээс архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, чанартай бүтээгдэхүүн авч хэрэглэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.